МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзлаа


Өнөөдөр МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзлаа. Тэрээр МҮЭ-ийн холбооны удирдлага, аймаг, салбарын ҮЭ-ийн холбоодын санал хүсэлтийг сонсож удахгүй байгуулах ХНЗ-ийн гурван талт 2019-2020 оны Улсын хэлэлцээрт тусгах болон цаашид хамтран ажиллах асуудлуудаа мэдэгдлээ.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЕНБД Г.Адъяа, ХНХ-ийн сайд С.Чинзориг, МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн III хурлын төлөөлөгчид болох нийт 21 аймаг, Мэргэжил үйлдвэрлэлийн 14 салбарын ҮЭ-ийн холбоодын дарга, төлөөлөгч, МҮЭ-ийн холбооны газар, хэлтсийн дарга нараас бүрдсэн 40 гаруй хүн оролцлоо.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд улс орны эдийн засгийн нөхцөл хүнд, ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж төрийн албан хаагчдын цалин хөлсийг царцаах тогтоол шийдвэрүүдийг гаргасан. Үе үеийн Засгийн газар иргэд хөдөлмөрчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ирсэн. Ийм хүнд нөхцөлд МҮЭ-ийн холбооноос тавьсан санал, шаардлагыг сонсож, нийгмийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллаж 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Өнгөрөгч 2018 оны хувьд ХНЗ-ийн улсын гурван талт хэлэлцээрийн хүрээнд, нийгмийн түншлэлд багагүй ахиц дэвшил гарч улсын хэлэлцээрийн биелэлт 83 хувийн биелэлттэй дүгнэгдсэн. Анх удаа “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо”-ноос ХХДХ-г жил бүр шинэчлэн тогтоох шийдвэрийг гаргаж, энэ жил 320.000, ирэх жил 420.000 төгрөг болж нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Иймд өнөө маргаашгүй ХНЗ-ийн 2019-2020 оны Улсын гурван талт хэлэлцээрийг байгуулах шийдвэрийг гаргаж, иргэд хөдөлмөрчдийн цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулахыг хүсье. Мөн Засгийн газрын 370 тогтоолын хэрэгжилтийг хангуулж, тогтоолын хамрах хүрээг нэмэгдүүлэх онцгой шаардлага байгааг онцлон хэлмээр байна. ЗГ-ын 370 дугаар тогтоолын хүрээг сайжруулах тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлыг хэрэгжүүлэхдээ аймаг, нийслэлийн засаг дарга, Засгийн газрын гишүүн буюу салбарын сайдын ажлыг дүгнэх гол үзүүлэлт болгох хэрэгцээ шаардлага байгаа учраас ХНХ-ын сайд С.Чинзоригт саналаа хүргүүлсэн байгаа юм. Мөн энэ хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах саналын зөрүүтэй таван асуудалд анхаарч ажиллахыг хүсье. Түүнчлэн иргэд хөдөлмөрчдийн банкны зээлийн хүүг бууруулах шаардлага байна. Нийгмийн түншлэгч талууд хамтран ядуурлыг бууруулах асуудлыг ХНЗ-ийн 2019-2020 оны Улсын гурван талт хэлэлцээрт ажлыг байрыг нэмэгдүүлэх замаар бууруулах асуудлыг тусгах мөн баялгийн тэгш хувиарлалтыг бий болгох тал дээр хамтран ажиллахыг хүсч байна” хэмээн МҮЭ-ийн холбооны байр суурь, саналыг танилцууллаа. 
Мөн энэ үеэр аймаг, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нар өөсрдийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг ерөнхий сайдад хэлж анхаарч ажиллахыг хүсэв. 
Тухайлбал, Увс аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ц.Лумжав улс орон даяар гадна, дотны төсөл хөтөлбөр хэрэгжүүлж шударгаар шалгаруулалт явуулж аймаг, сумдад ажлын байрыг бий болгох ажлыг хийх шаардлагатай байгаагийн зэрэгцээ орон нутгийн борлуулагдаж байгаа бинзен шатахууны үнэ, иргэдийн зээлийн хүүг бууруулах, дотоодын алтны татварыг бууруулах, хөдөө аж ахуй газар тариаланг дэмжиж ажиллахыг хүсч байв.
Харин Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Нацагдорж “Засгийн газрын 370 тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлыг онцгой анхаарах шаардлагатай байна. Бүх шатны Засаг даргын ажлыг дүгнэх үзүүлэлт болгомоор байна. Яагаад гэвэл ҮЭ-тэйгээ хамтарч ажиллахгүй байна. ХАБЭА-тай холбоотой Хөдөлмөрийн хяналтын үзлэг шалгалтыг нийгмийн түншлэлийн хүрээнд хамтарч хийдэг байсан уламжлалыг сэргээх ажлыг анхааралдаа аваач. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа эмч ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлээгүй байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг төр анхааралдаа авч улсын төсөвт болгох асуудлыг анхааралдаа аваач” хэмээн хүсэв.
Түүнчлэн МЭМА-ны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар “Салбарын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангая. Ялангуяа БСШУ-ны салбарын хэлэлцээрийг хангуулах хэрэгтэй байна. Яам бүрд нийгмийн түншлэл хариуцсан хүнтэй байвал төрийн ажил тогтвортой байна. Үүнээс үүдэн үл ойлголцол үүсэх асуудал гарахгүй байх жагсаал, цуглаан ажил хаялт хийхгүй асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэнэ. Мөн Төрийн албан хаагчдын хуулийн шинэчилсэн найруулгад ҮЭ-үүдийн оролцоог нэмэгдүүлж өгөөч, Төрийн албаны хуулийг дагаж гарсан журам, тогтоолыг эргэн харах, ХАБЭА-н зардлыг төсөвт бүрэн дүүрэн тусгаж өгөх шаардлагатай байна. Мөн МААХ-ын ҮЭ-ийн холбооноос нэгэн саналыг бас ирүүлсэнийг уламжилахад Олон улсын хүүхдийн найрамдал зусланг төсвийн байгууллага болгож өгч, анхааралдаа авахыг хүсэж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *