Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлсэн төслийн хаалт боллоо

Өнөөдөр буюу /2019.1.31/-нд Европын холбооны “GPS Plus хөтөлбөр”-ийн хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлсэн GSP+2 төслийн хаалтыг хийх дугуй ширээний ярилцлага боллоо.

Уг төслийг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төр хувийн хэвшлийн байгууллагуудад олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, тайлагнах үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой хэрэгжүүлсэн билээ.

Энэхүү Европын холбооны “GPS Plus” хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төслийн II шатны хаалтын ажиллагаанд ОУХБ-аас БНХАУ, Монгол Улсыг хариуцсан шинжээч, хатагтай Париссара Льюкит, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Элчин зөвлөх Марко Фэрри болон МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд захирал Х.Ганбаатар мөн ХНХЯ, ХЭҮК, МХЕГ, МҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын залуучуудын холбоо, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны төлөөлөл, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд буюу ОУХБ-ын гурван талын түншүүд болох Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, болон бусад хамтран ажилласан байгууллагууд төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үр дүн, сургамжаа дүгнэж, төслийн хүрээнд эхлүүлсэн санаачилга, гарсан ололтыг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар хэлэлцлээ.

Мөн энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Юуны өмнө энэхүү төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэн Европын холбоо, ОУХБ-ын хамт олонд МҮЭ-ийн холбооны мянга мянган гишүүдийн өмнөөс баярлаж талархаж буйгаа илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд энэхүү төслийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран олон ажлуудыг амжилттай зохион байгуулж чадсан гэдгийг онцлон хэлмээр байна. Хөдөлмөрийн харилцаанд маш олон чиглэлийн тулгамдсан асуудал байдаг. Тэр дундаа эрх зүйн орчинг боловсронгуй болгох, албан бус эдийн засгийн салбарын ажилтнуудын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах замаар тэдний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах сургалт сурталчилгааг хийх, хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийн хэрэгжилт, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл, нийгмийн түншлэгч талуудын оролцоо чадавх төлөөллийг сайжруулахад энэхүү төслийн үйл ажиллагаа үр дүнгээ өгсөн гэдгийн хэлмээр байна. Хамгийн гол нь бид бүхний цаашдын хамтын ажиллагаа энэ төсөл хөтөлбөрийнхөө эцсийн үр дүнг иргэдэд бодитой мэдрүүлэхэд оршиж байгаа юм. Цаашид энэхүү төслийн үр дүнг олон чиглэлээр гараасай гэж хүсч байна. Тийм ч учраас дараагийн төслөө үр дүнд хүргэх, алхмуудыг чиглүүлэхэд нягт хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийлмээр байна” хэмээн хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *