МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Хараагүй хүмүүсийн үйлдвэрийн ажилтнуудтай уулзлаа

Өнөөдөр буюу /2019.01.30/-нд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүн С.Эрдэнэбат Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн ажилтнуудтай уулзаж МҮЭ-ийн холбоо болон тус үйлдвэрийн ҮЭ-ийн хороо, салбарын ҮЭ-ийн холбооны санал хүсэлтийг удаа дараа тавьсны үр дүнд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл /ХЭҮЗ/-ийн шийдвэрээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 250 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх боломж бүрдсэн тухай мэдээллийг өглөө.

Уулзалтад МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын Ажилтан албан хаагчдын ажилтнуудын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн захирал З.Болдсайхан болон үйлдвэрийн ажилтнууд оролцлоо.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “МҮЭ-ийн холбоо болон салбарын ҮЭ-ийн холбооноос Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэх асуудлаар удаа дараа хүсэлт санал шаардлагыг тавьж ирсэн. Өнгөрсөн жил та бүхэнтэй уулзаж үйлдвэрийн бодит нөхцөл байдалтай танилцсан. Энэ хүрээнд холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзаж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилладаг хүний хувиар Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төвийн ажилтнуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг тавьж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 250 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх ажлыг шийдвэрлүүллээ. Аж ахуй нэгж компаниуд ажлын байрны төлбөрөөс тодорхой хувийг нь хараагүйчүүдийн үйлдвэрт дэмжлэг хэлбэрээр шийдвэрлүүлэхээр болсон. Та бүхэн төслөө бичээд өгвөл өнөөдөр ч авах боломжтой. Яагаад гэвэл төсөвт суугдсан мөнгө учраас хэдийд ч авч болно. Мөн хараагүйчүүдийн нэг удаа тусламж дэмжлэгээс гадна бусад буцаалттай олгодог байсан мөнгөн тэтгэмжүүдийг тодорхой хэмжээнд хөнгөлөх асуудлыг ч миний зүгээс тавьсан байгаа. Энэ асуудлыг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр яриад тодорхой хэмжээнд нь буцалтгүй болох асуудлыг шийдвэрлүүлсэн. Энэ төслийн хүрээнд олгогдох 250 сая төгрөг бол Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс та бүхэнд тусгайлан зааж өгч шийдвэрлүүлсэн мөнгө учир өөрсдийнхөө байнгын үйл ажиллагаандаа зарцуулж төслийг амжилттай хэрэгжүүлэх ёстой шүү гэдгийг давхар хэлмээр байна. Энэ удаагийн төслөө амжилттай хэрэгжүүлбэл дараа дараагийн төслийн мөнгийг нэмэгдүүлэх боломж бүрэн нээлттэй байгаа шүү. Тиймээс та бүхэн төслөө амжилттай хэрэгжүүлж нийгэмд ашиг тустай бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх сурталчлах гээд олон боломжууд нээгдэж байна” хэмээн хэллээ.

Харин Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг “2018 он бол ҮЭ-ийн тэмцэл хөдөлгөөн хийгдэж тавьсан асуудлууд нь шийдэгдсэн үр дүнтэй жил болсон. Манай гишүүн байгууллага, Хараагүй хүмүүсийн Хөдөлмөр сургалтын үйлдвэрийн ажилтнууд төдийгүй төрийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх тал дээр онцгой өөрчлөлт гарсан жил болсон. Энэ тэмцлийн хүрээнд улсын төсвөөр санхүүжиж байгаа бүх төсвийн байгууллагуудын төсвийн хэмнэлтийг тухайн байгууллага өөрсөндөө зарцуулдаг эрхийг төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлүүлсэн. Нөгөө талдаа улсын төсвөөс цалинжиж байгаа ч гэсэн та нар маань нэмэлт орлого олсон бол тэр орлогоо өөрсдөө захиран зарцуулах эрхийг төсөв зарцуулагч нарт өгсөн. Өнөөдөр хамтын гэрээндээ тусгаад захиргаа ҮЭ-ийн хороо нийлээд орж ирж байгаа нэмэлт орлогын хэдэн хувийг нь цалин хөлсөө нэмэгдүүлэх нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэхэд зарцуулах вэ, хэдэн хувийг нь өр авлагаа барагдуулахад зарцуулах вэ, хэдэн хувийг нь байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулах вэ гэдгээ ҮЭ нь захиргаатайгаа ярилцаж хамтын гэрээндээ тусгаад явбал үр дүн гарна шүү гэдгийг хэлье. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас өгч байгаа 250 сая төгрөгийн төслийг Хараагүй хүмүүсийн Хөдөлмөр сургалтын үйлдвэрт л өгч байгаа шүү. Хараагүйчүүдийн холбоонд өгөөгүй шүү гэдгийг онцлон хэлмээр байна. Яагаад гэвэл бид энэ төслийг хөөцөлдөхдөө ХХХСҮ дээр хэрэгжүүлэх байдлаар шийдвэрлүүлсэн юм. Та нар минь өнөөдрөөс эхлээд энэ төслийн мөнгийг юунд зарцуулах вэ гэдгээ нэлээн тодорхой ярилцаад орлого олох эх үүсвэрээ тусгаад төслөө бичээд явуулаарай гэдгийг салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс хэлмээр байна” гэж хэлэв.

Мөн энэ үеэр ажилтнууд ҮЭ-ийн удирдлагуудаас сонирхсон асуултад хариулт авч тэтгэвэр тэтгэмж тогтоолгоход гардаг маргаантай асуудал болох тэтгэвэр бодох аргачлалын тал дээр өөрсдийн байр сууриа илэрхийлж байв. Учир нь Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын ажилтнууд НДШ төлж байгаа ч давхар группд байдаг. Улсад олон жил ажилласан ч тэтгэврээ өөрсдийн санасан хэмжээнд авч чаддаггүй. Тэтгэврээ тогтоолгохоор группийн тэтгэмжтэй ижилхэн тооцогдоод байдаг тухайгаа учирлаж групп авдаг ч гэлээ улсад тасралтгүй хөдөлмөрлөсөн учраас тэтгэврээ нэмэгдүүлж авах хүсэлтэй байгаа тухай саналаа хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *