ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 40 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМЭГДЭВ


ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД 2018, 2019 ОНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 40 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМЭГДЭВ Төрийн албан хаагчдын 2018-2019 оны цалин хөлсний талаарх хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн үр дүн гарч, Төрийн албан хаагчдын цалин 2018, 2019 онд 40 хүртэл хувиар нэмэгдэж байна. Энэ хүрээнд Төрийн албан хаагчдын 2019 оны цалин хөслний талаарх Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулж, төрийн албан хаагчдын цалинг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч, 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх, 2019 оны улсын төсөвт цалинг нэмэгдүүлэхэд 267.0 тэрбум төгрөгөөс доошгүй эх үүсвэрийг тусгахаар заасан билээ. Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын хамгийн ачаалал ихтэй ажилладаг сувилагч, бага ангийн болон цэцэрлэгийн багш, соёл урлагийн салбарт ажиллагчдын ангилал, зэрэглэлийг ахиулан шинэчилж 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс тус салбарт ажиллагчдын цалин хөлс 15-30 гаруй хувиар нэмэгдээд байна. Тэгвэл 2018 оны 9 сарын 18-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн үр дүнд 2018 онд ангилал зэрэглэлд хамрагдаагүй байсан эмч, дунд болон ахлах ангийн багш нарын ангилал зэрэглэлийг тус бүр нэг шатаар ахиулан шинэчилэн нэмэх, мөн нийт төрийн албан хаагчдын цалин хөлсийг 8 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын 2019 он 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаас гаргалаа. Ингэснээр, • Боловсролын салбарын багш нарын цалинг 12.3 хувиар буюу 55.0-90.0 мянган төгрөгөөр, • Дунд, ахлах ангийн багш нарын цалин 20 орчим хувиар буюу 108.0-160.0 мянган төгрөгөөр, • Эмч нарын цалин 21.3-47.1 хувиар буюу 122.000-170.000 мянган төгрөгөөр нэмэгдэн 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс олгохоор боллоо. Төрийн албан хаагчдын цалинг 2018, 2019 онд нэмэгдүүлэх 2 удаагийн арга хэмжээ буюу ангилал, зэрэглэлийг ахиулах, шинэчлэн тогтоох, инфляцийн түвшиний өөрчлөлттэй уялдуулан нэмэгдүүлсний үр дүнд төрийн албан хаагчдын цалинг 40 хүртэл хувиар нэмэгдүүлснээр тэдний дундаж цалин 920.0 мянган төгрөгт хүрээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *