Хархорин захын ҮЭ-ийн хорооны гишүүдэд ажлын байрны сургалт хийв


Энэ сарын 18-нд МҮЭ-ийн холбооны Европын холбооны дэмжлэгтэйгээр ОУХБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа албан бус салбарт хөдөлмөрлөх эрх, суурь зарчмын хэрэгжилтийг сайжруулахад МҮЭ-ийн холбооноос ойрын хугацаанд явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах төслийн хүрээнд албан бус салбарт хөдөлмөр эрхлэгч ҮЭ-ийн гишүүд, сонгуультнуудад зориулсан “Хөдөлмөрлөх эрх, суурь зарчмууд” сэдэвт ажлын байрны уулзалт сургалтыг Хархорин захын худалдаа эрхлэгч ҮЭ-ийн хорооны гишүүдийг хамруулан зохион байгууллаа. Сургалтад гишүүдийн төлөөлөл 30 гаруй хүн хамрагдав. 
Арга хэмжээний нээлтэнд Нийслэл, Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооны дарга С.Жаргалсайхан, ҮЭ-ийн хорооны дарга Д.Баярмагнай болон МҮЭ-ийн холбооны Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг нар оролцлоо. 
Сургалтад оролцогчдод сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, түүний ач холбогдол, Хүн амын орлогын албан татварын тухай ойлголт, анхаарах асуудал сэдвээр тус тус мэдээлэл хийлээ. Мөн зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод албан бус салбарт ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах чиглэлээр ҮЭ-ийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, энэ удаагийн төслийн агуулга, зорилгын талаар мэдээлэл хийж албан байранд тулгамдаж байгаа асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, оролцогчдын асуултанд хариуллаа. 
Хархорин захад худалдаа эрхлэгчдийн хувьд татварын байгууллагын зүгээс хууль тогтоомжийг сурталчлах, мэдлэг мэдээлэл өгөхийн оронд шууд торгууль тавьж лангуу хаадаг, түрээсийн төлбөр хэт өндөр, тогтоосон түрээсээ төлөөд үлдсэн мөнгөөр нийгмийн даатгал, татвар төлөх, амьдралаа авч явахад хүнд байгаа талаар ярьж байв. Мөн түрээсийн төлбөрийн жишиг тогтоох, түрээсээс нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг зохицуулалт хийх, бага хүүтэй зээлд хамрагдах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байгааг гишүүд хэлж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *