МҮЭ-ийн холбооноос албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн суурь эрхийг дэмжих чиглэлээр явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцлээ


2019-2021 онд авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний өнөөдөр /2019.01.18/-ийн хэлэлцүүлэгт МҮЭХЕЗ-ийн тэргүүлэгчид, ажлын алба, салбар, орон нутгийн ҮЭ-ийн холбоо, харъяа газрын нийт 40 хүн оролцсон байна.
Хэлэлцүүлгийг нээж МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ОУХБ-ын суурин төлөөлөгч П.Болормаа нар үг хэлэхдээ,
-Албан бус салбарыг албан болгоход нийгмийн түншлэгч талуудын оролцоо чухал. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хөдөлмөрийн шинэ хэлбэрүүд гарч ирэн, тэдгээрийг зохион байгуулах ажил нэн тэргүүнд тулгамдаж байна. Албан бус эдийн засгийг албажуулахад сургалт тэргүүлэх нөлөөтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл өөрчлөлт томоохон үүрэг гүйцэтгэнэ хэмээн онцолсон юм.
МҮЭ-ийн холбооноос албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн суурь эрхийг дэмжих чиглэлээр явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах болсон үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон байна. 
Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого 2006-2015 онд хэрэгжиж тус бодлогын баримт бичгийг шинэчлэн батлаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн үед Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхээр тусгаж байгаа хэдий ч албан бус хөдөлмөр эрхлэгчид буюу хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд хөдөлмөрийн суурь эрхийг баталгаажуулах асуудал тусгагдаагүй байгаа ч ажиллагчдын зүгээс эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, ялгаварлан гадуурхал, албадан хөдөлмөрөөс ангид байх, тус салбарт хүүхдийн хөдөлмөрийг хориглох, устгах хуулийн зохицуулалт баталгаа хангалтгүй хэвээр байсаар байна. 
Үндэсний статистикийн хорооны 2018 оны 2 улирлын мэдээгээр албан бус хөдөлмөр эрхлэгчид 217.6 мянга байгаагийн 134.8 (62.6%) мянга нь эрэгтэй, 82.8 (62.6%) мянга нь эмэгтэй байгаагаас 75.0 хувь нь хот, суурин газар, 51.0 хувь нь Улаанбаатар хотод байна. Албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзвэл дийлэнх буюу 94.1 (43.3%) мянга нь худалдаа, үйлчилгээний салбарт, 47 (21.6%) мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарт, 34.3 (15.8%) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Албан бус эдийн засагт ажиллагчид нийт ажиллагчдын 17,8 хувийг эзэлж байна. 97,3 хувь нь үндсэн ажлын байдлаар албан бусаар хөдөлмөрлөж байна гэжээ.
Албан бус эдийн засаг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 204 дүгээр зөвлөмж, үйлдвэрчний эвлэлийн оролцоо сэдвээр Сэлэнгэ аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ж.Саранцэцэг мэдээлэл өгсөн бол арга хэмжээний төлөвлөгөөний төслийг МҮЭХ-ны ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг танилцуулсан.
Ажлын төлөвлөгөөний төслийг МҮЭ-ийн холбоо, салбар, орон нутгийн ҮЭ-ийн холбоодын үйл ажиллагааг дэмжих, чадавхжуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд албан бус салбарт ажиллагчдын хөдөлмөрийн суурь эрхийг баталгаажуулсан нэмэлт өөрчлөлт оруулах, Албан бус салбарт ажиллагчдын нийгмийн даатгалд хамрагдалтыг дэмжих, Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг дөрвөн зорилтод тулгуурлан хэсгээр ажиллаж, өөрсдийн үнэ цэнэтэй саналыг нэмэрлэсэн байна. 
Дээрх төлөвлөгөөг МҮЭХЕЗ-ийн тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж, албажуулна гэдгээ зохион байгуулагчид нь хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *