ШУ-ны ажилтнууд болон хөдөө орон нутагт цалингийн нэмэгдэл бүрэн шийдвэрлэгдээгүй байгааг эсэргүүцэж МҮЭХ, МБШУҮЭХ, Шинжлэх ухааны ҮЭНХороо хамтран шаардлага хүргүүллээ.

Өнгөрсөн 9 дүгээр сард боловсролын салбарын ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхийн төлөө ажил хаяж, асуудал нэлээд даамжирсны эцэст БСШУС-ын яам, Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо багш ажилчдын цалинг 2018-2019 онд нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр байгуулж, ХНХЯ-нд бүртгүүлснээр ажил хаялт түр зогссон юм.
2019 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ 267 тэрбум төгрөгөөс доошгүйгээр эх үүсвэрт тусгаж хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын нэмэлт хэлэлцээрээр тохиролцсон билээ.
Боловсрол. эрүүл мэндийн салбарт ажиллагчдын цалин хөлсний зөрүүг арилгах 14.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр нь Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор нэмэгдсэн цалингийн доод жишгээс 6.48 хувиар нэмэгдүүлэх тодорхой шийдвэр гаргасан байдаг.
Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах албан чиглэлийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нь аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн ч Сангийн яамнаас захиран зарцуулах эрхийг өгөхгүй байгаагаас зарим аймагт дээрх шийдвэр хэрэгжихгүй байсаар өнөөг хүрчээ. Дархан-уул, Завхан, Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод аймгийн хөдөлмөрчдөөс энэ талын гомдол саналыг Үйлдвэрчний эвлэлийн салбар болоод дээд байгууллагуудад байнга ирүүлэх болсон байна.
Боловсролын салбарынханд ногдож буй энэ нэмэгдлийг шинжлэх ухааны салбарын ажилтнуудад авахаар 4 сар хөөцөлдөж байгаа боловч өнөөг хүртэл олгоогүй байна. Тэдний нэмэгдэлд нийтдээ 279 сая төгрөг шаардагдаж байгаа ч ийнхүү олгохгүй байгааг ялгаварлан гадуурхалт гэж үзэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *