МҮЭ-ийн холбоо Дорнод аймгийн хамгийн зүүн захад орших анхан шатны ҮЭ-ийн хороо “Петрочайна дачин Тамсаг Монгол” ХХК-нд ажиллаа


Стратегийн чухал бүтээгдэхүүн болсон Дорнод аймгийн матад суманд газрын тосны олборлолт хийдэг “Петрочайна Дачин тамсаг Монгол” ХХК-ийн ҮЭ-ийн байгууллагад МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, салбарын ҮЭ-ийн холбоо болох МТХГТАҮЭХ-ны дарга Б.Рагчаа, дэд дарга бөгөөд “МИАТ” ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга МУ-ын хөдөлмөрийн баатар Р.Батнасан, хяналтын хорооны дарга Р.Энхжаргал, зохион байгуулагч М.Болдсайхан, Дорнод аймгийн ҮЭХ-ны дарга Л.Цагаан нар ажиллаа. 
Тус байгууллага дэлхийн томоохон ҮДК-ийн салбар байгууллага бөгөөд анх ҮЭ захиргаатай хамтын гэрээ байгуулах, цалин хөлсөө нэмэгдүүлэх, ажлын хоног хугацааг багасгах зэрэг шаардлагаар 5 жилийн өмнө хамтын маргаан үүсгэж ажил хаялт хийж үр дүн хүрч байсан билээ. Тус ҮЭ-ийн хороо анх 2008 онд МТХГТАҮЭХ-ны дэмжлэгтэйгээр 300 орчим гишүүнтэйгээр байгуулагдаж анхны даргаар Ч.Владимир сонгогдож байсан бол одоо 600 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа тогтмолжсон ҮЭ-ийн хороо болжээ. 
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч тус байгууллагын ажилчидтай уулзах үеэрээ “Та бид багагүй саад бэрхшээл, үл ойлголцлыг даван туулж ҮЭ байгуулсан. ҮЭ маань 10 жил болж байгаа хувийн хэвшлийн салбар тэр дундаа дэлхийн том корпорацийн салбар байгууллагын ажилчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулж хамтын гэрээ хэлэлцээрээр цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлуудаа зохицуулж байгаа нь сайшаалтай байна. Гишүүдийн тоогоо 2 дахин өсгөсөн Монгол ажилчид гадаадын ажилчдаас дутахгүй өөрсдөө газрын тос олборлож байгаад баяр хүргэе. Удахгүй Монгол газрын тосоо Монголчууд боловсруулж хэрэглэдэг болох цаг ирнэ” гэв. Мөн уг баялгийг гардан бүтээж байгаа ажилчдын байр орон сууц, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг ашиг хүртэж байгаа 2 орны тал хүлээх ёстойг онцоллоо. 
Салбарын ҮЭ-ийн холбооны дарга удирдлагууд тус хороонд салбарын хэлэлцээрт тусгах болон хамтын гэрээнд тусгах асуудлаар санал солилцож, ҮЭ-ийн хорооны үйл ажиллагааг шалган тусалж зөвлөгөө заавар өглөө. Мөн тус ҮЭ-ийн хорооны 10 жилд идэвх зүтгэлтэй ажиллаж буй ҮЭ-ийн идэвхтэн, сонгуультнуудыг шагнаж урамшууллаа. Тус арга хэмжээний үеэр хорвоогийн мөнх бусыг үзсэн ч хүн бүрийн хүндэтгэж явдаг анхны ҮЭ-ийн хорооны дарга Ч.Владимирыг дурсан санаж хүндэтгэл үзүүлэв. 
Компанийн удирдлагуудын зүгээс ҮЭ-ийнхээ 10 жилийн ойн өдөр багтааж арга хэмжээний заалыг шинээр ашиглалтад оруулах болон шинээр олборлолт хийж буй 21-р талбайд ажилчдын ажлын байрны нөхцөлүүдийг сайжруулах зэрэг ажлуудыг ээлж дараатай хийж буйгаа танилцуулж ҮЭ-ийн хорооны ойд амжилт хүссэн юм. 
Дарга удирдлагууд Дорнод аймгийн ҮЭХолбооны үйл ажиллагаатай танилцаж, цалин хөлсний нэмэгдэл орон нутагт хэрхэн шийдэгдэж байгаатай газар дээр нь танилцах зорилгоор 10 жилийн 8 дугаар сургуулиар орж багш, ажилчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож, орон нутагт цалингийн нэмэгдэл бүрэн орж ирээгүй байгаа тул холбогдох газруудад асуудлыг тавьж шийдвэрлүүлэхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *