Албан бус салбарын хөдөлмөр эрхлэгч ҮЭ-ийн гишүүдийн сургалт амжилттай болж өндөрлөлөө


МҮЭ-ийн холбооноос 11 сарын 19-20-ны өдрүүдэд албан бус салбарт хөдөлмөр эрхлэгч ҮЭ-ийн гишүүн, сонгуультнуудад “Хөдөлмөрлөх эрх, суурь зарчим” сэдэвт сургалтыг Европын холбооны дэмжлэгтэйгээр ОУХБ-тай хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэхүү сургалтад МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа ҮЭ-ийн гишүүдийн төлөөлөл 40 хүн оролцож байгаа юм. 
Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус сургалтын гол зорилго нь Албан бус салбарт ажиллагсдыг ҮЭ-д зохион байгуулалтад оруулах талаар ОУХБ-аас явуулж байгаа үйл ажиллагаа, улс орнуудын сайн жишээтэй танилцах, албан бус салбарт ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, албан бус салбарт хөдөлмөрлөх эрх, суурь зарчмыг хэрэгжилтийг сайжруулахад МҮЭ-ийн холбооноос ойрын хугацаанд явуулах үйл ажиллагааны чиглэлийн төсөлд санал өгөхөд оршиж байв.
Сургалтын эхний өдөр “Албан бус эдийн засаг, олон улсын чиг хандлага, ОУХБ-ын хэм хэмжээ, бодлого бусад улс орны сайн туршлага” сэдвээр Париссара Льюквит, “Ажиллах хүчний судалгаа, албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн статистик мэдээ” сэдвээр Үндэсний статистикийн хороо, ажиллах хүчний судалгааны албаны ахлах статистикч Э.Гантуяа, “МҮЭ-ийн холбооны өнөөгийн үйл ажиллагаа, албан бус салбарт ажиллагчдын талаар явуулж буй үйл ажиллагааны зорилт” сэдвээр МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, “Сайн дурын нийгмийн даатгал шимтгэл төлөлт, түүний ач холбогдол” сэдвээр НДЕГ-цн Нийгмийн даатгалын бодлого хэрэгжилтийг хариуцсан ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж, “Албан бус салбарт ажиллагчдын хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн шаардлага стандарт” сэдвээр МХЕГ-ын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.Мөнхтуул, “Албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдээс төлөх албан татварын хууль эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал” сэдвээр Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын татварын ахлах байцаагч Б.Мөнхтуул нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Харин сургалтын хоёр дахь өдөр буюу өнөөдөр “Албан бус салбарт ажиллагсдыг албажуулахад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг чиглүүлэх асуудал” сэдвээр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, “Албан бус салбарт ажиллагсдыг эвлэлдэн нэгдэх эрх, ҮЭ-ийн холбоодын туршлага” сэдвээр Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооны дарга С.Жаргалсайхан, Нэгдмэл ҮЭ-ийн холбооны дарга Я.Алтантуяа, ЖДҮХҮАЖАБХ-ийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Х.Батбаяр нар мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүлж байна. Үргэлжлүүлэн “Албан бус салбарт ажиллагчдыг зохион байгуулах талаар ОУҮЭХ-ын зарим амжилттай туршлага” ҮЭ-ийн Бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн, МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны дарга Э.Тамир нар илтгэл тавьж мэдээлэл өгөв. Түүнчлэн Албан бус салбарт ажиллагсдыг хөдөлмөрлөх эрх, суурь зарчмын хэрэгжилтийг сайжруулахад МҮЭ-ийн холбооноос ойрын хугацаанд явуулах үйл ажиллагааны чиглэлээр санал боловсруулах, санал авч нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлснээр энэхүү хоёр өдрийн турш үргэлжилсэн Албан бус хөдөлмөр эрхлэгч ҮЭ-ийн гишүүд, сонгуультнуудад зориулсан “Хөдөлмөрлөх эрх, суурь зарчим” сэдэвт сургалт өндөрлөсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *