Багш нарын тэмцэл суулт, жагсаал цуглаанаар 6 дахь өдрөө үргэлжилж байна

Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх жагсаал цуглаан, суулт 13.00 цаг хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Ажил хаялтын хүрээнд тавьж буй шаардлагыг талууд зөвшилцөж, үр дүнд хүргэхийн тулд ийнхүү 6 дахь өдрөө тэмцэж байна. Ажил хаялтад орон даяар 130 сургууль, цэцэрлэг нэгдээд байгаа аж. Цаашид нэмэгдэх хандлагатай байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа юм.
НХХ-ийн сайд С.Чинзориг ажил хаялтын ажлын хэсгийнхэнтэй уулзах хүсэлт ирүүлсний дагуу зарим төлөөлөл яамыг зорьсон.
Харин суултад оролцогчдын зүгээс сэтгэгдлээ илэрхийллээ. Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн багш С.Цог-Эрдэнэ хэлэхдээ “Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ажил хаялтын эхний өдөр 12-хон сургууль ажил хаясан гэж бассан, доромжилсон өнгөөр инээж хэвлэлд мэдээлэл өгсөн. Нэг сургууль ажил хаясан байсан ч энэ асуудлыг томоор харах ёстой хүн шүү дээ гээд боловсролын удирдах ажилтнууд шат шатандаа тал засаж байна гэлээ.
Хойд Солонгосоос ирсэн барилгын ажилтан монгол улсад хөдөлмөрлөөд сарын 500 ам.доллар авч байхад ирээдүйг сурган хүмүүжүүлж байгаа багш нар 200 ам.доллар авч байна гэдгийг хэллээ.
Өнөөдрийн тэдний хийж буй тэмцэл Монгол Улсын боловсролын салбарт томоохон хувь нэмэр оруулах тул цалин хөлс нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардаж буйгаа суултад оролцогчид нэгэн дуугаар илэрхийлж, тус салбарын бүх ажиллагчид идэвхтэй оролцохыг уриаллаа.
Суултад оролцогчид жагсаалаараа хоёр хуваагдан Сангийн яам, НХХЯ-нд очиж, шаардлагаа холбогдох албан тушаалтнуудад гардууллаа.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *