Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэв

МҮЭ-ийн холбооны удирдлагууд есдүгээр сарын 3-нд багш, шинжлэх ухааны салбарын ажилчдын ажил хаялтын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байр сууриа илэрхийллээ. Энэ тухай МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбооноос төрийн албанд ажиллагсад ялангуяа төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үүрэг бүхий албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар сүүлийн 4 жил тасралтгүй тэмцэл, хөдөлгөөн өрнүүлж байна. Гурван талт хэлэлцээрийн гол асуудал болох төрийн үйлчилгээний албаны ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх үүргээ Засгийн газар сүүлийн жилүүдэд огт биелүүлэлгүй ирсэн. Бид тавдугаар сараас хамтын маргаан үүсгэж, ажил хаялтын өмнөх суултыг салбарын хэмжээнд хийсэн. Багш нар Засгийн газрын гаргасан шийдвэрийг хангалтгүй гэж үзсэн учраас ажил хаялтыг эхлүүллээ. Энэ ажил хаялт маргаашнаас хүрээгээ улам тэлэх хандлагатай байна. Засгийн газар наймдугаар сарын 22-нд гаргасан шийдвэрээрээ цалин хөлсийг эрүүл мэндийн салбарт 8-30, Соёл урлагийн салбарт 8-27, боловсрол, шинжлэх ухааны салбарт 8-12,3 гэж ялгаатай гаргасан нь ийнхүү ажил хаялт хийхэд хүргэлээ. Энэ шийдвэрийг Засгийн газар дур мэдэн дангаараа гаргасан. Тиймээс ажил хаялтыг улам хүрээгээ тэлэхээс өмнө яаралтай арга хэмжээ авахыг бид шаардаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 112 сургуулиас 86, 192 цэцэрлэгээс 89, шинжлэх ухааны 12 байгууллага 100 хувь ажил хаялтад нэгдсэн гэдэг тоог Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгээс бидэнд өгөөд байна” гэв. Иймээс МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт Мэдэгдэл хүргүүлж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ, Засгийн газрын зүгээс боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсөө нэмэгдүүлэх чиглэлээр тавьж байгаа шаардлага, саналыг хэрэгжүүлэх, хэлэлцээрийн талууд зөвшилцөлд хүрэх арга хэмжээг шуурхай авч ажиллах шаардлагатай гэж үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдэв.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *