ИРГЭДЭД ПОПУЛИЗМЫГ ЯЛГАХ БОЛОВСРОЛ ОЛГОХ НЬ ЧУХАЛ

НАМУУД ТОМ МӨНГӨНИЙ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХАРААТ БУС БОЛОХ ХЭРЭГТЭЙ​

Ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх чиглэлээр 100 орчим жил үйл ажиллагаа явуулж буй Германы Фридрих-Эбертийн сангийн ерөнхийлөгч Курт Бекийн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр Монгол Улсад өнгөрсөн сард айлчилж, Монгол Улсын Засгийн газартай хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан юм.


-Уг баримт бичгийг байгуулснаар хоёр талын хамтын ажиллагааг хэрхэн дэмжих вэ?

-Фридрих-Эбертийн сан 20 гаруй жил Монгол улсад ардчилал, шударга ёс, энх тайвныг бэхжүүлэхийн төлөө үйл ажиллагаа явуулж байна. Манай сан Засгийн газартай хамтарч ажиллан санамж бичигт гарын үсэг зурснаар Монголын ардчиллын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулах юм. Мөн Монгол улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчны тэнцвэрийг хангахад хамтран ажиллах болно. Фридрих-Эбертийн сан өдгөө дэлхийн 120 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй. Энэ хүрээнд эдгээр улсын улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогын сайн туршлагыг харилцан солилцоход манай сан гүүр болоход бэлэн байна.

-Монгол, Германы хамтын ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ. Хоёр улсын улс төр, эдийн засгийн түншлэлийг илүү эрчимжүүлэхэд ФридрихЭбертийн сан ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Монгол улсын хөгжлийг герман улс маш анхааралтай ажигладгийг юун түрүүнд хэлмээр байна. Монгол улс парламентын ардчилсан засаглалыг сонгосон. Энэ сонголтынхоо хүрээнд ч маш олон сайн туршлага хуримтлуулж байгаа. Монгол улсын энэ шилжилтэд бид маш хүндэтгэлтэй ханддаг. Мөн хоёр хүчирхэг гүрний дунд оршиж буй Монгол улсыг ямар ухаалаг бодлогоор авч явааг нь харахаар хүндэтгэлтэй хандахад хүрдэг. Монгол бол ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж буй орон. Тиймээс ардчилал, эрх чөлөө, шударга ёсны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай сан Монголын ардчиллын ололт амжилтыг дэмжих нь зүйн хэрэг.

-Ардчиллын үнэт зүйлсийг илүү бэхжүүлэхэд Монгол Улс цаашид хэрхэн анхаарах нь чухал вэ?

-Дэлхийн олон оронд улс төрөөс зай барих, улстөрчдөд итгэл алдах хандлага ажиглагдаж байна. Энэ хэрээр ардчилал, эрх чөлөөний асуудал ч анхаарал татаж эхэллээ. Гэхдээ үүний эсрэг хоёр арга хэмжээ авч болно гэж боддог. Нэгдүгээрт, улс төрийн боловсролоор дамжуулан иргэддээ ардчилсан нийгмийн мөн чанар, давуу талыг давтан сануулж байх нь зүйтэй. Хоёрдугаарт, парламентын ардчиллын давуу талыг иргэдийн нийгэм, эдийн засгийн амьдралд хүртээж байх нь хамгаас чухал. Нийгмийн баялгаас тэгш хүртэх эрхийг нийгмийн бүх давхаргад олгох хэрэгтэй. Манай сан баялгийн тэгш хуваарлилтыг дэмжихийн тулд улс орнуудын үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай нягт хамтран ажилладаг.

-Улс төрийн намуудыг хэрхэн төлөвшүүлэх вэ. Ялангуяа, намуудын санхүүжилтийн талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Улс төрийн намын төлөвшил, ялангуяа, таны онцолсон намуудын санхүүжилтийг бид сүүлийн жилүүдэд анхаарч, хамтран ажилладаг улс орнууд болон байгууллагуудтай мэдлэг туршлага солилцож байна. Тухайлбал, Германд улс төрийн намын санхүүжилтийн дийлэнхийг гишүүдийнх нь татвараас бүрдүүлдэг.

  • Хоёр хүчирхэг гүрний дунд оршиж буй Монгол Улсыг ямар ухаалаг бодлогоор авч явааг нь харахаар хүндэтгэхээс аргагүй.
  • Парламентын ардчиллын давуу талыг иргэдийн нийгэм, эдийн засгийн амьдралд хүртээж байх нь хамгаас чухал.
  • Германд улс төрийн намын санхүүжилтийн дийлэнхийг гишүүдийнх нь татвараас бүрдүүлдэг.

Үүнээс гадна Германы улс төрийн намууд төрөөс санхүүжилт авдаг. Ингэхдээ иргэдээс авсан саналын тоог нь харгалзан төсвөөс санхүүжилт хуваарилдаг. Ингэснээр шударга ёс илүү тогтдог. Учир нь их хэмжээний мөнгө зарцуулж, улс төрийн сонгуульд оролцох боломжгүй хүмүүст ямар нэг дарамтгүйгээр улс төрийн сонгуульд оролцох боломж олгож буй юм. Мөн санхүүжилтийг ийн шийдсэнээр улс төрийн намууд том мөнгөний эх үүсвэрээс хараат бус болдог. Улс төрийн намд их хэмжээний мөнгө хандивлаж буй хүн хариу нэхэх, давуу тал олгохыг шаардана. Нам, хүчнүүд том компаниудын халаасанд орох нь ардчиллын зарчимд нийцэхгүй. Миний хувьд Монгол улсын улс төрийн орчин дахь үйл явц дэлхийн олон оронд өрнөдөг энгийн үзэгдэл гэж ойлгож байна.

-Монгол Улсад сүүлийн жилүүдэд улстөрчид, нам хүчнүүд популист амлалт өгөх нь ихэслээ. Үүнээс хэрхэн зайлсхийх вэ?

-Товч хариулахад, популист амлалтыг няцаах, ялгаж салгах улс төрийн боловсролыг иргэдээ олгох нь л хамгийн чухал.

-Европын холбоонд өрнөж буй улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Европын зарим оронд популист улс төрийн хүчин төрийн эрх авч байна. Энэ нь нийтлэг эрх ашгаас хязгаарлагдмал хүрээний эрх ашгийг илүү үзэж буй хэсэг юм. Энэ зарчмын үүднээс их британи улс Европын холбоог орхилоо. Унгар, Польшид популист намууд засгийн эрхэнд гарсан бол Италид зүүн болон барууны хэт популист хүчнүүд нэгдэж, нэг нам байгуулсан. Тэр нь засгийн эрхийг авч байна. Эдгээр өөрчлөлт нь амаргүй нөхцөл байдал дагуулж буй нь үнэн. Гэхдээ гишүүн орнуудын иргэдийн гуравны хоёр нь Европын холбоог дэмжиж байгаа. Гол нь гадаад бодлогын асуудалд Европын холбоо нэг дуу хоолойтой байх нь чухал гэж үзэж байгаа юм. Европын холбоонд хямрал байгаа нь үнэн. Гэхдээ бид эерэг талуудаа дэмжвэл Европын холбооны ирээдүй өөдрөг байгаа.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *