ЗАЛУУЧУУД АА ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХЭЭ МЭДЭЖ АВЦГААЯ!

Залуу та хөдөлмөр эрхэлж, орлого олсоноороо наад захын үндсэн хэрэгцээгээ хангаж  чаддаг уу? Таны ажил, хөдөлмөр, танай гэр бүл болон эргэн тойрны хүмүүст ашиг тусаа өгч байгаа гэдэгт санал нийлэх үү? Та зохистой хөдөлмөр, хөдөлмөрлөх эрхийн талаар хэр сайн мэдэх вэ? Залуучууд хөдөлмөрийн зах зээлд анх хөл тавихдаа энэ талын ойлголт мэдлэг хомс байгаа нь тэдний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаагийн нэг шалтгаан болж байна.

Түүх 1: Ундраа жилийн өмнө их сургуулиа төгссөн бөгөөд мэргэжлийнхээ дагуу ажиллахаар хэд хэдэн компанид материалаа өгсөн боловч тэнцсэнгүй. Ингэсээр 1 жил өнгөрлөө. Тогтвортой хүссэн ажлаа олтол түр ажил хийхээр шийдлээ. Гэхдээ тэрээр хөдөлмөрийн гэрээ огт хийгээгүй. Учир нь түүний ажил олгогч түр зуурын ажил учраас шаардлагагүй гэж хэлэхэд Ундраа ч мөн адил санал нийлэв.

Ундраагийн нэгэн адил дээрх явдал олон залуучуудад нийтлэг тохиолддог. Тэд сонголтгүйн улмаас аль таарсан ажлаа хийхэд хүрдэг. Харамсалтай нь энэ нөхцөл байдал тэднийг цалин багатай, хүнд хүчир нөхцөлтэй ажлыг аргагүй эрхэнд хийхэд хүргэдэг. Нөгөөтэйгүүр залуучууд хөдөлмөрлөх эрхийнхээ талаар мэдлэгтэй байлаа ч тэрхүү хууль ёсны эрхээ ажил олгогчоос шаардаж, хамгаалуулж чаддаггүй.

Техник технологийн дэвшил хурдацтай хөгжиж буй өнөө үед ажлын байрны нөхцөл улам бүр уян хатан болсоор байна. Уян хатан ажлын цаг, байршил болон төлбөрийн нөхцөл, богино хугацааны гэрээт ажил, онлайн ажил зэрэг нь сайн талтай хэдий ч албан бус салбарт ажиллаж байгаа залуус цалин багатай, баталгаагүй, хөдөлмөрийн нөхцөл тааруу, нийгмийн хамгаалалын үр шимийг хүртэхгүй үлдэх зэрэг эрсдэлд өртөх эрсдэлтэй байдаг.

Ажилчдыг ажлын байранд нас, хүйс, арьсны өнгө, яс үндэс, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл эсвэл бусад шалтгаанаар ялгаварлан гадуурхахгүй байх ёстой гэдгээс эхлээд ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР яригдаж эхэлнэ. ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР гэдэгт хангалттай цалин хөлс, ажлын байрны аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, өөрийгөө хөгжүүлэх боломж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, тэгш эрх, боломжоор хангагдах зэргийг ойлгож болно.

Манай орон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын суурь 8 конвенц болон ажилчдын эрхийг хамгаалах хэд хэдэн конвенцид нэгдэн орсон бөгөөд үндэсний хууль тогтоомжууд, тухайлбал Хөдөлмөрийн тухай хууль нь эдгээр олон улсын гэрээний заалтуудтай нийцэж байх ёстой.

main1528083546Хөдөлмөрийн гэрээ хийгээгүйн улмаас залуу ажилтан Ундраа маш олон боломжоо хааж, өөрийгөө эрсдэлд оруулж байгааг, харин ажил олгогчийн бизнесээ амжилттай хөгжүүлэхэд, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд энэ мэт зөрчлүүд саад болдог гэдгийг аль аль нь олж харах хэрэгтэй юм. Залуу хөдөлмөр эрхлэгч та ажлын талбар дээр Ундраа шиг хохирохгүйн тулд хөдөлмөрлөх эрхээ мэдэх, тэрхүү эрхээ хэрэгжүүлэх, хамгаалуулах, ажил олгогчоос шаардах зэрэг өөрөөс шалтгаалах бүхий л талын мэдээлэл мэдлэгтэй байх хэрэгцээ залуучуудад зайлшгүй тулгарч байгаа юм.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *