In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭ-ийн уламжлал, шинэчлэл, зохистой хөдөлмөрийн төлөөх МҮЭ-ийн цаашдын зорилт

8-21 erunhiilucg/Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хуралд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын тавьсан илтгэл/

 

Эрхэм хүндэт ҮЭ-ийн гишүүд, ажилтан, идэвхтэн нар аа!

МҮЭ-ийн үе үеийн төлөөлөл, ахмад гишүүд ээ!

Гадаадын хүндэт зочид оо!

Монгол улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхэн 100, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойг орон даяар тэмдэглэж байгаа энэ мөчид Та бүхэндээ болон нийт ҮЭ-ийн гишүүддээ, ойн баярын мэнд дэвшүүлж эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МҮЭ-ийн хөгжлийн түүхэн замналыг өнөөгийн өндөрлөгөөс харахад манай орны хөдөлмөрийн хүмүүсийн амьдралын түүхтэй салшгүй холбоотой бөгөөд бахархан тэмдэглэх, сургамж болгон анхаарах зүйлийн аль, аль нь байгаа. МҮЭ-ийн түүхэн замнал бол Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, Монголын ард түмэн, хөдөлмөрчин ардын амьдрал, тэмцлийн түүхийн салшгүй нэг хэсэг билээ.

МҮЭ-ийн хөдөлгөөний 100 жилийн ололт, амжилт, алдаа оноо дээр тулгуурлан хоёр дахь 100 жилийн түүхээ эхлүүлж байгаа энэ цаг үед ҮЭ-ийн хөдөлгөөний түүх, Зохистой хөдөлмөрийн төлөөх өнөөгийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын тухай илтгэлийг Та бүхэндээ танилцуулж байгаадаа баяртай байна.

 

Нэг. Монголд үйлдвэрчний хөдөлгөөн үүссэн түүх,

уламжлалын зарим асуудал

 

Үйлдвэрчний хөдөлгөөн үүссэн нь Монгол орны улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, үйл явцаар бэлтгэгдсэн бөгөөд хөгжлийн дараах үе шатуудыг туулсан байна.

Нэгдүгээрт, Үйлдвэрчний эвлэл үүсч үндэсний хэмжээний зохион байгуулалттай хөдөлгөөн болсон үе.

Энэ нь 1917-1927 оныг хамрах бөгөөд 1911 оны үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд нийгмийн амьдралын бүх хүрээ хөдөлгөөнд орж гадаадын эрхшээл нөлөөнөөс бүрэн ангижрах, бие даасан хөгжлийн замыг хайх, тэмцэх ухамсар, сэтгэлгээ сэргэсэн улс төр, эдийн засаг, нийгмийн огцом эргэлт гарсан үе байлаа. 1917 оны хоёрдугаар сард нийслэл хүрээнд “Ажилчин албан хаагчдын эвлэл нэртэй ҮЭ-ийн анхны байгууллага, дараа нь Зуун модны алтны уурхайд ҮЭ-ийн хоёр дахь үүр байгуулагдсан нь ҮЭ-ийн хөдөлгөөний анхны үр хөврөл байсан юм.

1921 оны VI сард Нийслэл хүрээний ҮЭ-ийн анхдугаар хурлаас 8 цагтай ажлын өдөрт шилжүүлэх, 1922 оны VII сард ажилчин албан хаагчдыг ням гарагт амруулж байх асуудлыг шийдэх шаардлагыг Засгийн газарт тавьж шийдүүлж байжээ. 1924 оны эхээр “Худалдаа ба аж үйлдвэрийн”, Оёдлын”, “Улсын албан хаагчдын” гэх мэт салбарын, 1925 оноос олон аймагт орон нутгийн ҮЭ-ийн товчоод байгуулагдсан байна.

1927 оны 08 дугаар сарын 15-наас 21-нд ҮЭ-үүд анхдугаар Их хурлаа хийж Монголын ҮЭ-ийн төв байгуулж “Үйлдвэрчин ба ажилчин, албан хаагчдын биеийг асран хамгаалах мөн тэдний эрх ашгийг хамгаалах явдлыг чухалчилж ажилчин албан хаагчдыг учир шалтгаангүй ажлаас халах, цалин хэрэглэлийг дутуу олгох, илүү ажил хийлгэх зэргээр хүчин үнэлэгчдийг хохироох явдалтай тэмцнэ” гэж ҮЭ-үүдийн гол зорилтыг тодорхойлж байсан нь эдүгээ ч мөн чанараа алдаагүй уламжлагдан хөгжиж ирсэн байна.

МҮЭ бол биеийн хүч, хөдөлмөрөө үнэлж ажиллагчдын эрх ашгаа хамгаалах шаардлагаас үүдэн 1921 оны ардын хувьсгал, улс төрийн анхны нам байгуулагдахаас ч өмнө ажилчин, албан хаагчдын дунд сайн дураараа үүссэн хөдөлгөөн юм. 1924 онд батлагдсан анхны Үндсэн хуульд “Жинхэнэ ардын нэгдэл холбоо байгуулах ард түмний эрхийг хүндэтгэж улсаас бүх талаар туслалцна” гэж заасан нь МҮЭ-ийн цаашдын хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн.

Хоёрдугаарт, Монголын нийгэмд үйлдвэрчний эвлэлийн тухай ойлголт төлөвшсөн үе буюу МҮЭ-ийн нийгмийн бааз суурь өргөжсөн үе.

Энэ үед ажилчин албан хаагч төвлөрсөн газар бүр салбар нэгжтэй болж, үйл ажиллагаа нь ажиллагчдын эрх ашгийг хамгаалах зорилгод чиглэж байлаа. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн жилүүдэд МҮЭ-ийн тэр үеийн олон удирдагч хэлмэгдсэн ч үйл ажиллагаа нь хэлбэрэлтгүй үргэлжилж урагшилсаар байжээ. МҮЭ-ийн төв байгууллага Засгийн газартай хамтран ажиллах, шийдвэрт нь саналаа тусгуулах, шаардлага, санал тавих, ажил хаялт зохион байгуулж тэмцэх хүртэл арга хэлбэрээр чиг үүргээ хэрэгжүүлж байсныг түүхийн баримтууд харуулж байна.

Энэ жилүүдэд ҮЭ-үүд хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, олон нийтийн шүүх ажиллуулах, ажиллагчдын аж байдал, орон сууц, хоол, хүнсний хангамжийн байдалд хяналт тавих хүртэл өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах болсон байна.

МҮЭ ажиллагчдын сайн сайхан аж амьдралын эх үндэс болсон цалин хөлсийг нэмэгдүүлэх, цаашилбал эдийн засгийн хөгжлийг хурдасгах үүднээс 1930 оноос уралдаан өрнүүлэх шийдвэр гаргасан нь ҮЭ-ийн чухал, үнэ цэнэтэй үйл ажиллагаа болсон билээ. 1930-аад оны сүүлчээс ударник гавшгайчийн хөдөлгөөн, 1950-иад оноос хувьсгалт уралдаан, 1960-аад оны эхээр социалист хөдөлмөрийн төлөө хөдөлгөөн өрнөж тэдгээр нь ажилчид ҮЭ-ийн гишүүдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, боловсрол мэргэжлийг ахиулах, хөдөлмөрийн бүтээмж, бүтээгдэхүүн, ажлын чанарыг дээшлүүлэх чухал хөшүүрэг болж, тэр хэмжээгээр улсынхаа эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц өгч байсан нь түүхэн үнэн бөгөөд одоо ч мартагдаагүй байна.

МҮЭ нь нэгэнт тогтсон ажилчны давхаргын бааз суурин дээр бий болоогүй, харин ажилчид, ажилчин анги дөнгөж буй болж бүрэлдэх үйл явцтай зэрэг гараагаа эхэлсэн тул ажилчин анги өсч төлөвшихөд их үүрэг гүйцэтгэсэн түүхэн онцлогтой. МҮЭ ажилчид, хөдөлмөрчдийг гэгээрүүлэх, орчин үеийн боловсрол, үйлдвэрлэл техникийн соёл эзэмшүүлэх чиглэлээр шинэ цагийн ажилчдыг бэлтгэн өсгөхөд төр засагт томоохон дэмжлэг үзүүлсэн юм.

Гуравдугаарт, 1960-аад оноос 1980-аад оны сүүлч хүртэлх үеийг хамруулж болох бөгөөд үйлдвэрчний эвлэлийн бие даасан байдал, эрх мэдэл хумигдаж, үйл ажиллагааны өнгө төрх өөрчлөгдөн намын бодлогыг хэрэгжүүлэгч шинж давамгайлах болсон үе байв.

1960 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд МАХН-ын хэмжээгүй эрх мэдлийг бататгасан юм. Энэ үед социалист өмчийн харилцаа дангаар ноёрхох болж социализмын материал техникийн бааз байгуулах зорилтод нам, төрийн бодлого төвлөрсөн байв. Энэ бүхнээс үүдэлтэй МАХН-ын захиргаадалтын тогтолцооноос МҮЭ ч ангид байж чадаагүй юм.

ҮЭ төрөлх үүрэгтээ үл хамаарах намын шийдвэрийг хэрэгжүүлэх, хөдөлмөр хамгааллын төрийн хяналт, нийгмийн даатгал, амралт сувиллыг зохион байгуулах, шинэ бүтээл, тэргүүн туршлагын хөдөлгөөнийг өрнүүлэх зэрэг төрийн үүргийг МҮЭ гүйцэтгэж байсан юм. Энэ бүхнээс үүдэн МҮЭ, МАХН төртэй дэндүү ойрхон хэлхэлдэж ҮЭ-ийн олон нийтийн хөдөлгөөний шинж, хамгаалах үүрэг нь ч зарим талаар бүдгэрэхэд хүрч байлаа.

Гэхдээ МҮЭ тоталитор дэглэмийн үед төдийгүй түүхийнхээ бүх үед хөдөлмөрийн харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний хөдөлмөр, цалин хөлс, аж байдлын нөхцөлийг нь сайжруулах, хөдөлмөрлөх урам зоригийг нь сэргээж урамшуулах, соёл, нийтийн биеийн тамирын үйлчилгээ үзүүлэх зэргээр үндсэн үүргээ биелүүлсээр ирснийг тэмдэглэх хэрэгтэй. ҮЭ-үүд хөдөлмөрийн хүний төлөө ажиллаж байсан учраас монголын ард түмэн ҮЭ-ийг ямагт хүндэтгэж ирсэн билээ.

Дөрөвдүгээрт, 1990-ээд оноос МҮЭ-ийн хөгжлийн нэгэн шинэ үе эхэлсэн юм. Одоо ч үргэлжилж байгаа энэ үеийн агуулгыг МҮЭ-ийн амьдралын бүх хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлээр тодорхойлж болно.

Манай оронд 1990 оноос тоталитор тогтолцооноос эдийн засаг нийгэм, улс төрийн шинэ харилцаанд шилжин орж шинэ Үндсэн хууль батлагдсанаар хөдөлмөрийн цоо шинэ харилцаа бүрэлдэж эхэлсэн.

1990 оны 06 дугаар сард болсон МҮЭ-ийн ээлжит бус XIV их хурлаас МҮЭ-д хийх өөрчлөлтийн үзэл баримтлалыг тодорхойлж МҮЭ-ийн мөрийн хөтөлбөр, шинэ дүрмийг баталсан нь их өөрчлөлтийн гарааны шугам болсон юм.

1991 онд “ҮЭ-үүдийн эрхийн тухай” хууль гарснаар нийгмийн эдүгээгийн шинэ тогтолцоон дахь ҮЭ-ийн эрх, үйл ажиллагааны хүрээ улам тодорхой болж хууль зүйн баталгаатай болсон байна.

МҮЭ 1991 онд нийгмийн даатгал, амралт сувилал, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн хяналт, соёлын зэрэг чиг үүргээ Засгийн газарт шилжүүлснээр гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, төлөөлөх төрөлх үүргээ дагнан хэрэгжүүлэх болсон юм.

Одоо та бүхний анхаарлыг өөрчлөлт шинэчлэлийн жилүүдэд олсон амжилт тулгамдаж буй зарим асуудалд хандуулья.

МҮЭ-ийн холбоо, аймаг, нийслэлийн 22 ҮЭ-ийн холбоод Засгийн газар, аймаг, нийслэлийн ажил олгогч эздийн байгууллагатай Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээр, мэргэжил үйлдвэрлэлийн 14 салбарын ҮЭ-ийн холбоод хоёр ба гурван талт хэлэлцээр, салбарын тарифын хэлэлцээрийг байгуулж байна. Анхан шатны 2400 ҮЭ-ийн хороод захиргаа ажил олгогчтойгоо хамтын гэрээ байгуулан ажиллаж байна.

2017 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газартай Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийг 2017 оны 01 дүгээр сарын 19-нд байгуулж 2 сарын дараа хэлэлцээрийн зарим заалт зөрчигдсөн тул асуудлыг түншлэлийн зарчмаар шийдвэрлэх хүрээнд нэмэлт хэлэлцээг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор эхлүүлээд байна.

Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хороо, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, ХАБЭА-н Үндэсний 3 талт хороод, нийгмийн хамгаалал, хүний эрх, тэгш эрх, мэргэжлийн боловсролын зэрэг чиглэлүүдээр Үндэсний хэмжээний 14 хороо, зөвлөлд МҮЭ-ийн төлөөлөл төв, орон нутагт ажиллаж байна.

Мөн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын зарим онцлог асуудлаар Хүний эрхийн Үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулан ажиллаж байна.

МҮЭ-үүд нь ҮЭ-ийн гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах чиг үүргээ нэн тэргүүнд хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийт хөдөлмөрийн хүмүүс, ажилгүй иргэд, тэтгэвэр, тэтгэмж авагчдын ашиг сонирхлын асуудлуудыг төр засаг, нийгмийн түншүүддээ тавьж шийдвэрлүүлэх нийгмийн өргөн үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь ҮЭ-ийн нэр хүнд, хүмүүнлэг үүрэг зорилгыг нийгэмд өргөжүүлэх, бүх нийтийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжин сайжруулахад эергээр нөлөөлж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг улсын хэмжээнд болон салбарын хэмжээнд нийгмийн зөвшлийн талууд хэлэлцэн шийдвэрлэж байна. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж төгрөгийн ханшны уналтын улмаас иргэдийн цалин хөлс орлогыг хамгаалах хүрээнд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг анх 1991 оноос тогтоож эхэлсэн ба одоогийн байдлаар 20 дахь удаагаа шинэчлэн тогтоогоод байна. Үүний зэрэгцээ салбарын ҮЭ-ийн холбоод салбарын ХХДХ-гээ улсын хэмжээнээс 40 хувиас 2 дахин өндрөөр тогтоон мөрдүүлж байна.

МҮЭ нь хөдөлмөрийн хяналтын төрийн зарим чиг үүргийг өөрийн улсын байцаагчдаар дамжуулан хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ ҮЭ-ийн хороодод итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллуулан хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлж байна.

Мөн хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбогдсон үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгоход иргэд, хөдөлмөрчдөө төлөөлөн оролцож байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын холбогдолтой хууль тогтоомжийг шинэчлэхэд гишүүд, хөдөлмөрчдийн дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэн УИХ, Засгийн газарт саналыг хүргүүлэн лобби үйл ажиллагааг явуулж ирлээ. Одоогийн байдлаар Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Нийгмийн даатгалын багц хуулиуд болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудлаар гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн хөдөлмөрийн харилцаанд гарсан маргааныг шийдвэрлэхэд оролцон, хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон асуудлаар гишүүддээ үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа үзүүлж байна. ҮЭ-үүд хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, тэдгээрийн биелэлтийг хангах явцад хуулийн дагуу хамтын маргаанаас ажил хаялт зохион байгуулах хүртлэх тэмцлийн арга хэлбэрт суралцаж байна.

Эдүгээ ҮЭ-үүд зөвхөн ажил олгогчдод нөлөөлөх төдийгүй УИХ, Засгийн газрын хууль тогтоох болон төсөв санхүүгийн бодлогод ч нөлөөлөх болж байна. МҮЭ өөрийн нийгмийн хариуцлага, хүмүүнлэг зорилгын хүрээнд гишүүд, идэвхтэн, сонгуультан хөдөлмөрийн хүмүүст зах зээл, ардчиллын нөхцөлд ажиллаж амьдрах мэдлэг, чадвар олгох сургалт боловсролын байгууллага соёл, амралт сувиллын газар ажиллуулан олон мянган хүмүүст хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж байна.

МҮЭ-ийн бүх шатны байгууллагууд улс төрийн намаас хараат бус бие даан үйл ажиллагаа явуулах үндсэн зарчим, чиглэлийг тууштай баримтлан ажиллаж ирлээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчдөөр өргөн хэлэлцүүлсэн “Нийгмийн захиалга баримт бичиг”-ийг боловсруулан хүргүүлэх ажлыг 2004 оноос эхлэн тогтмол зохион байгуулж байна.

МҮЭХ-ны гадаад харилцаа тасралтгүй хөгжиж ирлээ. МҮЭ-ийн холбоо нь 1994 онд ОУЧҮЭХ-ны гишүүнээр элссэн нь зах зээл, ардчилал, хөгжсөн орнуудын ҮЭ-ээс суралцах, тэдэнтэй эв санаагаа нэгтгэх хөгжлийн гадаад хүчин зүйл болсон юм.

Монгол улс ОУХБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн 1969 оноос хойш МҮЭ-ийн төлөөлөгчид тус байгууллагын бага хуралд идэвхтэй оролцож олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг тогтооход өөрийн хувь нэмрийг оруулсаар ирлээ. Монгол улс ОУХБ-ын нийт 20 конвенцийг соёрхон батлаад байгаа ба эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах эрх чөлөөг дэмжих, албадан хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг зогсоох тухай суурь найман конвенцид нэгдэн орсон улс болохыг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Ийнхүү МҮЭ-ийн 90-ээд оноос хойших зохион байгуулалт, хамгаалах үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээг тоймлон авч үзвэл ерөнхий чиг хандлага нь зах зээл, ардчилал хөгжсөн орны ҮЭ-үүдийн хөгжлийн нийтлэг зүй тогтол, төр, ажил олгогчидтой нийгмийн түншлэлийн хүрээнд харилцан ажилладаг зарчимтай адилхан байгаа билээ.

Гэхдээ МҮЭ-ийн үйл ажиллагааны үр дүнг илэрхийлэх үндсэн хэмжүүр болох хөдөлмөрийн хүмүүсийн хөдөлмөрлөх эрх, цалин хөлс, тэдний амьдрал, аж байдал, хөдөлмөрийн нөхцөлд гарсан ахиц өөрчлөлтийг дүгнэн үзвэл нийгэм эерэг, сөрөг олон янзын үнэлгээ өгнө. Ингэх ч эрх тэдэнд бий.

ҮЭ-ийн шинэчлэл байнга үргэлжилж энэ хэрээр зохион байгуулалт, үйл ажиллагааных нь чадавх дээшлэн үр дүнд нь гишүүд хөдөлмөрчдийн амьдрал, хөдөлмөрийн нөхцөл байнга дээшилж байх учиртай. Энэ үүднээс авч үзвэл ҮЭ-үүд өөрчлөгдөж буй эдийн засаг, нийгэм, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтөд хурдтай дасан зохицож ажиллах чадавхиа илүү нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. ҮЭ-ийн хөдөлгөөний шинэчлэл нь чимхлүүр, цаг хугацаа, орон зай шаардсан, байнгын өргөн хүрээтэй үйл явц байдаг.

МҮЭ-ийн түүхэн хөгжлийн үе шат, уламжлал, үнэт зүйлсийг тэдгээрийн онцлогийг хамгийн товчоор тоймлон өгүүлэхэд ийм байна.

Хоёр. Зохистой хөдөлмөрийн төлөөх МҮЭ-ийн цаашдын зорилт

НҮБ-ын Ерөнхий ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаас дэлхий нийтээр 2016-2030 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн 17 зорилго”-ыг тунхаглан баталж 2016 оны 2 сард Улсын Их Хурлаас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг батлан гаргасан.

Эдгээр баримт бичгүүд нь Монгол улсын Үндсэн хуульд заасан Монгол улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн үндэс болох Зохистой хөдөлмөрийн нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн уялдаа холбоо бүхий, хөгжлийн шинэ баримт бичгүүд юм.

МҮЭ-ийн хувьд эдгээр баримт бичиг, үзэл санааг үйл ажиллагааны зорилго, зорилтдоо тусган хэрэгжүүлэхийг зорьж байгаа ба зарим бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. МҮЭ-ийн өнөөгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжилгээ хийх, зөвлөмж гаргах чиглэлээр ОУХБ-ын зөвлөх шинжээчийг урьж ажиллуулан улмаар ОУ-ын шинжээчээс ирүүлсэн зөвлөмжийг МҮЭХ-ны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчид, харьяа болон гишүүн байгууллагын удирдлагын төлөөлөлтэйгээр хэлэлцүүлэн ойрын үед хийх ажлын төлөвлөгөөг гаргаад байгааг энд тэмдэглэн хэлье.

МҮЭ-ийн хоёр дахь зууны түүхэн энэ босгон дээр нийт ҮЭ-ийн хэмжээнд дараах зорилтыг дэвшүүлэн тавьж байна.

Нэгдүгээрт, Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, орлогын тэгш бус байдлыг арилгахад нийгмийн түншлэл, бүх шатны хамтын гэрээ, хэлэлцээрийн ач холбогдлыг өндөрсгөх шаардлагатай байна.

Хөдөлмөр эрхэлж буй хүн бүр шударга, хийсэн бүтээсэн хөдөлмөр, мэргэжил ур чадвартаа тэнцэх цалин хөлс авах ёстой. Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх асуудал нь хөдөлмөр эрхлэлтийн болон амьдралын чанартай салшгүй холбоотой, түүний нэг шалгуур үзүүлэлт юм. Зохистой хөдөлмөрийн үндсэн тулгуур асуудал болох өөрийгөө болон гэр бүлээ авч явах боломжтой цалин хөлсний түвшинг бий болгох хэрэгтэй байна.

Манай улсад хөдөлмөрийн үнэлэмж туйлын доогуур, авч буй цалин нь өрхийн хэрэгцээг нь хангахгүй байгаагаас олон мянган залуус гадаадад цагаачлан ажиллаж байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх цалин хөлсний хувь хөгжингүй болон хөгжиж буй улс орнуудад 62-65, ОХУ-д 40 гаруй хувьтай байхад манай улсын хувьд дөнгөж 20 гаруйхан хувьтай байгаа нь нийт ҮЭ-ийнхний хувьд анхаарал хандуулах чухал асуудал болоод байна. Ийм төрлийн судалгааг салбар, орон нутаг, аж ахуйн нэгж байгууллагын түвшинд үргэлжлүүлэн гаргах нь зүйтэй.

Иймд нэмүү өртгийг шударгаар хуваарилах, бүтээмж цалингийн зохистой харьцааг хангахад хамтын гэрээ, хэлэлцээрийн механизмыг бүрэн дүүрэн ашиглах явдал нийт ҮЭ-үүдийн тэргүүний зорилго болж байна.

Хоёрдугаарт, ҮЭ-ийн гишүүнчлэлийн эгнээг өргөжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Үр дүнтэй хамтын гэрээ, хэлэлцээрийн үндэс суурь нь эв нэгдэл, зохион байгуулалттай, өндөр гишүүнчлэл бүхий ҮЭ байх нь дамжиггүй юм. Тухайн улс оронд хөдөлмөр нийгмийн харилцааны шинэ систем бүрэлдэн тогтох, нийгмийн баримжаатай зах зээл төлөвших, нийгмийн түншлэл зөв хөгжихөд ҮЭ, Ажил олгогчдын байгууллагуудын хөгжил шийдвэрлэх нөлөөтэйг хөгжингүй орнуудын туршлага ч харуулж байна.

Гишүүнчлэлийн эгнээг өргөжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд аян өрнүүлэх, албан бус салбарт ажиллагчдыг ҮЭ-д нэгтгэх төсөл хөтөлбөрийг олон улсын ҮЭ-үүд, бусад донор байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, гишүүн байгууллага бүр өнөөгийн байгаа гишүүнчлэл болон ирээдүйд эгнээндээ нэгтгэх зорилтот бүлгээ тодорхойлсон гишүүнчлэлийн зураглал гарган биелэлтийг дүгнэх зэргээр зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч гишүүнчэлэлийн эгнээ дорвитой нэмэгдэхгүй байна. Сүүлийн 3 жилийн байдлаар тогтмол 4 орчим хувийн өсөлттэй явж ирлээ. МҮЭ-үүд нийт 450 мянган гишүүн буюу хөдөлмөр эрхлэгчдийн 80 гаруй хувийг эгнээндээ нэгтгээд байна. Аймаг, нийслэлийн 22, мэргэжил үйлдвэрлэлийн 14-н ҮЭ-ийн холбоод, 2400 анхан шатны ҮЭ-ийн хороо үйл ажиллагаа явуулж байна.

МҮЭ-ийн хувьд төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан үйлдвэр аж ахуйн газар, төрийн үйлчилгээний боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт ҮЭ-ийн уламжлалт хувиа хадгалан ирсэн боловч хувийн хэвшил, тэр дундаа худалдаа үйчилгээ, барилга зэрэг хөгжиж байгаа салбарууд, албан бусаар хөдөлмөр эрхлэгчид, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын гишүүнчлэлийн хувь бага байгаад дүгнэлт хийж эдгээр салбарт ажиллагчдын эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх арга хэмжээг өргөжүүлэх нь зүйтэй байна.

Даяаршлын нөлөө нь манай гадаад харилцааны боломжийг илүү үр дүнтэй болгохыг шаардаж байна. Үндэстэн дамнасан компаниуд, олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээ, хамтарсан үйлдвэрүүд дээр ҮЭ-ийн болон хөдөлмөрлөх эрхийг зөрчих, олон улсын хууль тогтоомжийг үл тоомсорлох явдал гарч байна. Тухайлбал, ҮЭ-д эвлэлдэн нэгдэх эрх Мобиком, Жимобайл зэрэг олон сүлжээ, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад хангагдахгүй байна.

Олон улсын банк, санхүүгийн байгууллагын төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт нь хөдөлмөрчдийн эрх ашгийг илтээр хөндөх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хүрээнд өмнө хүрсэн баталгааг дордуулахад нөлөөлж байна. Энэ чиглэлд хариулт өгөх ҮЭ-ийн ажлын арга туршлага дутмаг байна. Иймд МҮЭХ-ны болон салбарын ҮЭ-үүдийн гадаад харилцааны боломжийг даяаршлын үед тулгамдаж байгаа сорилтуудыг давах чадавхийг ҮЭ-үүдэд эзэмшүүлэхэд чиглэсэн олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дайчлах хэрэгтэй байна.

Эдгээр зорилтын хүрээнд ҮЭ-ийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах замаар ҮЭ-ийн үйл ажиллагааны хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох, Эвлэлдэн нэгдэх эрх, үйлдвэрчний үйл ажиллагаанд саад учруулах тохиолдолд хүлээлгэх хариуцлага, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэх, ажил хаялт, пикет зохион байгуулах харилцааг илүү тодорхой болгон хуульчлах, эвлэлдэн нэгдэх ҮЭ байгуулах эрхийг Үндсэн хуульд тусган баталгаажуулах зэрэг асуудлыг ч шийдвэрлүүлэх шаардлага гарч байна.

Гуравдугаарт, Зохистой хөдөлмөрийн нөхцөлийг ажлын байр бүрт бүрдүүлэхийн төлөөх ажлыг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал чухал байна.

Бүтээмжтэй, чанартай ажлын байр, амьжиргаа хангахуйц цалин, байгууллага, ажлын байр бүрт хөдөлмөрлөх болон ҮЭ-ийн үндсэн эрхийг хангах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, нийгмийн даатгал, нийгмийн түншлэлийг боловсронгуй болгон хөгжүүлэх шаардлагууд нь зохистой хөдөлмөрийн тулгуур үндсэн асуудлууд юм.

Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг ажлын байр бүрт хэрэгжүүлэхэд манлайлан оролцох, хяналт, дүгнэлт хийж хамгаалах үйл ажиллагаатайгаа холбож ажиллах нь МҮЭХ-ны бүтцийн бүх байгууллагын бодлого, хөгжлийн хөтөлбөрүүд, хамтын гэрээ, хэлэлцээрийн үндсэн асуудал байх чиглэлийг цаашид баримтлан ажиллах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, эрүүл аюулгүй ажлын байранд ажиллах эрхийн баталгаа алдагдаж үйлдэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний гаралт буурахгүй байна.

МҮЭХ-ны Хууль зүйн зөвлөгөө өгөх төвөөр сүүлийн гурван жилд 10 мянга гаруй иргэд, хөдөлмөрчид үйлчлүүлсний 50-иас илүү хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан, өөр ажилд буруу шилжүүлсэн, цалин хөлс, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ослын нөхөн төлбөр олгоогүй, дутуу олгосон гэсэн асуудлаар хандсан байна. Ажлаас үндэслэлгүй халагдах, өөр ажилд буруу шилжүүлэх, цалин хөлсөө дутуу олгох зэргээр хөдөлмөрийн харилцаанд гарсан маргааныг шийдвэрлэх асуудал ҮЭ-ийн гишүүд, ажилтнуудыг ихээхэн чирэгдүүлэхийн зэрэгцээ олон улсын хөдөлмөрийн үндсэн хэм хэмжээ, зарчимтай нийцэхгүй байна.

Иймд хөдөлмөрийн маргааныг шүүхийн өмнөх шатанд шуурхай шийдвэрлэх гурван талт бүтцийн үйл ажиллагааг улам бэхжүүлэх, ОУХБ-ын Хөдөлмөрийн хяналтын тухай конвенциудад нэгдэн орох асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 Хүндэт зочид, ҮЭ-ийн ажилтан, зүтгэлтэн, хөдөлмөрийн хүмүүсийг төлөөлсөн эрхэм ахан дүүс ээ!

Монголын нийгмийн хөрсөнд ҮЭ-ийн хөдөлгөөний үндэс суурь соёолон, ард түмний дэмжлэгийг хүлээсэн олон нийтийн байгууллага болон хөгжиж Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нь түүний үйл ажиллагааны хүнлэг энэрэнгүй, олон түмний ашиг сонирхол, хүсэл мөрөөдлийг илэрхийлэгч шинж чанартай салшгүй холбоотой юм.

МҮЭ-ийн бүх шатны үйл ажиллагааг Зохистой хөдөлмөрийн төлөө чиглүүлэн Монголын хөдөлмөрчин түмний эрх ашгийг хамгаалахад бүх боломжоо дайчлан зүтгэнэ. Монголын хөдөлмөрчид XXI зууны ҮЭ-ийн хөдөлгөөний өнгө төрхийг өөдрөгөөр харж болно.

Та бүхэндээ Монгол улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье.

 

ҮЭ-ийн эв санааны нэгдэл мандан бадартугай.

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

420123
ӨнөөдөрӨнөөдөр77
ӨчигдөрӨчигдөр1236
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт3769
Энэ сардЭнэ сард25837
НийтНийт420123