In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Г.Адъяа: Тогтвортой хөгжлийн үндэс нь эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн зохистой тэнцэл байх ёстой

12-21 adiya darga“Хөдөлмөр эрхлэлт-Нийгмийн түншлэл” сэдвийн хүрээнд Дархан-Уул аймагт болсон хойд бүсийн Хөдөлмөрийн чуулган уулзалтын үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяатай ярилцлаа.

-Саяхан Дархан-Уул аймагт Хойд бүсийн таван аймгийн Хөдөлмөрийн чуулган “Хөдөлмөр эрхлэлт-Нийгмийн түншлэл” сэдвээр болж өнгөрлөө. Чуулган дээр ярилцсан гол асуудал маань хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар нийгмийн түншүүд аймаг, сумын хэмжээнд хэрхэн хамтран ажиллаж байгаа тухай байсан. Энэ талаар танд төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн ҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо уг хөдөлмөрийн чуулганыг зохион байгуулалтын өндөр хэмжээнд явуулахад онцгой анхаарсныг юуны өмнө тэмдэглэн хэлмээр байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган аймгийн төр, ҮЭ, ажил олгогчдын төлөөллүүд чуулганд илтгэл, мэдээлэл тавьж мөн сайн туршлага, ажлын арга барилаа ажил хэрэгчээр солилцлоо. Дархан-Уул аймгийн Дулааны станц, Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн хөдөлмөрийн сайн туршлага, хөдөлмөрийн харилцаа-нийгмийн түншлэлийн хүрээнд зохион байгуулж буй ажилтай бусад аймгийн зочид танилцсан ба өндөр сэтгэгдэлтэй байгаа нь харагдсан.

-Сайн туршлага, арга барилын талаар илүү тодруулбал?

-Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалын хийсэн мэдээллээс үзвэл тус аймагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд аймаг орон нутагтаа хамтран хяналт тавих, аймаг, сумдын хөдөлмөрийн чиглэлээр 3 талт бүтцүүдийн үйл ажиллагааг тогтмолжуулах, энэ хүрээнд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр сайн арга барил хуримтлуулж байгаа нь харагдсан. Энд мэдээж тус аймгийн ҮЭ-ийн байгууллагын санаачлагч байр суурь, нийгмийн түншүүдтэйгээ ажил хэрэгч, хуулийн хүрээнд хамтран ажиллах арга барил нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгуудад ч 3 талын түншлэл хөгжиж байна. Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны санаачилгаар нийгмийн түншлэлийг бэхжүүлэх асуудлаар Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын шийдвэр гаргуулсан нь чухал бодлого болжээ.

Сэлэнгэ аймгийн ҮЭ-ийн холбооны идэвхтэй оролцоотойгоор аймгийн хэмжээнд жижиг, дунд 1200 гаруй аж ахуйн нэгжийн цалингийн үзлэг, судалгаа хийж орон нутагтаа ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбоо нь хөдөлмөрийн болон ХАБЭА-н асуудлаар сургалт, семинарыг 3 талын оролцоотойгоор зохион байгуулах, хяналт явуулах чиглэлээр сайн туршлага хуримтлуулж байна. Дарханы ҮЭ-ийн холбоо аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг идэвхтэй явуулж байна.

Булган аймгийн ҮЭ-ийн холбоо нь мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, сургах чиглэлээр нийгмийн түншүүдтэйгээ хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Ер нь, өнөөдөр бид хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр бодлого боловсруулах, үйл ажиллагаа явуулахдаа “Зохистой хөдөлмөр эрхлэлт” гэсэн тогтвортой хөгжлийн шинэ загварын гол цөм асуудалд иж бүрнээр анхаарлаа хандуулах ёстой. Өөрөөр хэлбэл, манай аймаг, сумдад нийгмийн түншлэлтэй үйл ажиллагааны үр дүнд хэдэн компани, байгууллагад зохистой хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байрууд буй болов гэдэг нь өнөөгийн хамгийн чухал асуудал. Хөдөлмөр эрхлэлтийн хүрээн дэх нийгмийн түншүүдийн гол бодлого, зорилт, үйл ажиллагаа ч энд төвлөрөх ёстой. Энд ҮЭ-үүдийн манлайлагч, санаачлагч бас шаардагч идэвхтэй байр суурь чухлыг олон улсын ҮЭ-үүдийн туршлага харуулж байна.

-Ер нь “нийгмийн түншлэл” гэдгийг энгийнээр тодорхойлбол?

-Тогтвортой хөгжлийн үндэс нь эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн зохистой тэнцэл байх ёстойг эрдэмтэд, судлаачид онцлох болсон.

Улс орон тогтвортой хөгжилд хүрэх нэг гол тулгуур асуудал нь зохистой хөдөлмөр эрхлэлтийг үндэсний хэмжээнд буй болгохын төлөөх нийгмийн түншүүдийн хамтын ажиллагаа юм. Монгол Улсын Их хурал 2015 онд 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлон хэрэгжүүлж эхэлсэн. Тогтвортой хөгжлийн 17 зорилгын 8 дах нь Зохистой хөдөлмөр юм. Зохистой хөдөлмөрийн нэг үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь нийгмийн өргөн оролцоог хангах асуудал буюу нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилт болохыг ОУХБ-аас тодорхойлсон билээ.

Товчоор хэлбэл, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн асуудлуудын эрхзүйн зохицуулалтад нийгмийн түншлэлийн систем буюу гурван түншийн /эндээс уг нэр гаралтай/ харилцан ажиллагааг тодорхойлдог гурван талт механизм ихээхэн ач холбогдолтой.

Хөдөлмөрийн хүрээн дэх нийгмийн түншлэл гэдэг нь ажилтнууд болон ажил олгогчид тэдгээрийн төлөөллийн байгууллагууд /ҮЭ, ажил олгогчдын холбоод/, мөн төр засгийн байгууллагуудын хооронд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, эдгээртэй шууд холбоо бүхий хууль эрхзүй, нийгмийн асуудлуудаар ажилтан, ажил олгогчдын эрх ашгийн зөвшилцөл, тэнцвэрийг хангахад чиглэсэн харилцааны тогтолцоог ойлгодог гэж хэлж болно.

Энэхүү нийгмийн түншлэлийн зарчим, үйл ажиллагаа нь Монгол Улсын нэгдэж орсон олон улсын хууль /ОУХБ-ын конвенц гэх мэт/, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль, холбогдох бусад тогтоол шийдвэрүүдээр зохицуулагдан хэрэгждэг.

-Зохистой хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, хөгжлийн явцыг ямар шалгуур үзүүлэлтээр хэмждэг юм бэ?

-Үндэсний Статистикийн хорооноос ОУХБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа MNG 102 хөтөлбөрийн хүрээнд 2017 оны эхнээс Тогтвортой хөгжлийн зорилтод тулгуурласан зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүдийг боловсруулах, хянах, тайлагнах үндэсний статистикийн чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Зохистой хөдөлмөр эрхлэлтийн байдлыг 28 үзүүлэлтээр дүгнэж мэдээлнэ. Энэ чиглэлээр нийгмийн түншүүд болон ҮЭ-ийн бүх байгууллага, ажилтан сонгуультнуудыг сургаж бэлтгэх шаардлага тулгарч байна.

Цаашид нийгмийн түншүүд үндэсний болон аймаг, нийслэл, салбарын хэмжээнд нийгмийн түншлэлээр шилдэг аймаг, сумд, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж байх хэрэгтэй байна.

-Хөдөлмөрийн чуулганы талаарх таны сэтгэгдэл?

-Хөдөлмөрийн чуулган дөрвөн бүсэд зохион байгуулагдлаа. Эдийн засгийн хямралтай ч гэсэн МУ-ын Засгийн газар санхүү хөрөнгийн хувьд ҮЭ, ажил олгогчдын байгууллагуудтай хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тохирсны дагуу Хөдөлмөрийн чуулганыг зохион байгууллаа. МҮЭ-үүд, Ажил олгогч эздийн байгууллагууд өндөр ач холбогдол өгч оролцлоо. Бүс нутгийн 3 талууд идэвхтэй оролцсон. Засгийн газрын тал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүсийн чуулганд оролцож хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаарх орон нутгийн төлөөллүүдийн санал бодлыг сонсох боломжоо алдсанд харамсаж байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт болсон хойд бүсийн чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл оролцоогүйд харамсаж байна. Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймаг бол монголын аж үйлдвэр, ХАА, газар тариалангийн гол бүс, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн өвөрмөц онцлогтой бүс нутаг. Хойд бүсийн аймгуудад хөдөлмөр эрхлэлт, нийгмийн түншлэлийн дээр дурдсан олон сайн туршлага байсны зэрэгцээ бас шийдвэрлэвэл зохих олон тулгамдсан асуудал, мөн төрийн бодлогоор зохицуулах, төсвийн хүрээнд шийдэх хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд анхаарвал зохих чухал чухал саналууд чуулганд оролцогчдоос гарсныг хэлэх хэрэгтэй. Эдгээр саналуудыг Үндэсний чуулганы хүрээнд бид оруулж зохих шийдвэр гаргуулахын төлөө ажиллах болно.

Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн түншлэлийн талаарх Хойд бүсийн 5 аймгийн ажлын сайн туршлага, арга барилыг олон нийтэд хүргэх буянтай үйлсээ МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр” сонин гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр” сонин нийгмийн түншлэлийн төлөөх Мөнхийн сонин байх болтугай.

Ингээд 2018 оныг МҮЭ-үүд Тогтвортой хөгжил, Зохистой хөдөлмөр, Нийгмийн түншлэлийн төлөө Төр, Ажил олгогчид, ҮЭ-үүд идэвхтэй хамтран ажилласан, мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн сайхан он жил болгохын төлөө ажиллах болно. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

646068
ӨнөөдөрӨнөөдөр209
ӨчигдөрӨчигдөр656
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт1583
Энэ сардЭнэ сард21736
НийтНийт646068