In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

“Эрдэнэт” үйлдвэрээрээ бахархдаг

 Д.Ренчинханд: “Эрдэнэт” үйлдвэрээрээ бахархдаг

-28022014-1393566631-1234988913-renchinhand1Уул уурхайн инженерээс ажлын гараагаа эхэлж, энэ салбарын бодлого тодорхойлох ажилд мэдлэг оюунаа зориулан уулын баяжуулах “Эрдэнэт”, Бор-Өндөрийн уурхайг байгуулах ажлыг удирдан явуулж байсан ахмад уурхайчин, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны орлогч сайд асан Дугарын Ренчинхандтай ярилцлаа. Тэрбээр өдгөө ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн зөвлөх профессороор ажиллаж, боловсон хүчин бэлтгэх ажилд хүчин зүтгэж байна.

-Та уул уурхайн мэргэжлийг яагаад сонгох болов?
-Би Дорнод аймгийн Баян-Уул сумын арван жилийн сургуулийг 1961 онд төгссөн. Манай ангийнхан 26-уулаа төгсөхөд, талаас илүү нь гадаадад сурах хуваарь авч байлаа. Намайг Аж үйлдвэрийн яамны нэр дээр ЗХУ руу явуулахаар боллоо. Би уг нь геологийн чиглэлээр мэргэжил эзэмшье гэсэн бодолтой байсан ч тэр жил яаманд геологийн хуваарь ирээгүй болохоор ашигт малтмалын ашиглалтын чиглэлээр суралцахаар боллоо.

1966 онд сургуулиа төгсөж ирээд тэр жилдээ Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын гянтболдын уурхайд хуваарилагдсан. Уурхайн уулын цехэд инженерээр ажлын гараагаа эхэлж, дараа нь 1968 оноос цехийн дарга, 1968 оны сүүлчээр үйлдвэрийн ерөнхий инженерээр ажилласан. Ингээд ажиллаж байтал 1972 оны дунд үед яамнаас дуудаж салбарын хэтийн төлөвийн чиглэлээр санал боловсруулах ажилд оролцуулсан. Би далд уурхайд ажиллаж байсан далд уурхайн инженер. Энэ мэргэжлээрээ үйлдвэрлэлд ажилласан гэж намайг оролцуулсан байх л даа. Тэгээд 1972 оны арванхоёрдугаар сард намайг Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны Уул уурхайн хэлтсийн даргаар томилсон.

-Яаманд орж ирээд анх ямар ажил үүрэг авч байв?
-Тухайн үед манай улсад Налайх, Адуунчулууны нүүрсний уурхайгаас гадна өнгөт металийн салбарт Бэрхийн хайлуур жонш, Бүрэнцогт, Их хайрханы гянтболдын уурхай ажиллаж байв.  Үүн дээр Хажуу-Улааны жоншны үйлдвэрийг хүлээж авлаа. Мөн 1974 оны дөрөвдүгээр сард Хар-Айрагийн жоншны уурхайг хүлээн авч яамны системд оруулсан.

 

Хар-Айрагийн үйлдвэрийг 20 МАЗ, самосвалтай, 20 гэртэйгээр сумын төвийнх нь хажууханд буулгаж, үйл ажиллагааг нь эхлүүлж байлаа. Уурхай байгуулах чиглэл гаргаж байхад 1972 онд Орос руу захисан тоног төхөөрөмжүүдээс ирсэн нь тэр байв. Ингээд энд тэндээс хамж, шимж тоног төхөөрөмжөө бүрдүүлсээр уурхайн хэвийн ажиллагааг хангасан хэрэг.

-Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулахад Таныг нэлээд үүрэгтэй ажилласан гэж дуулсан?

-1973 оны эхээр Монгол-Зөвлөлтийн Засгийн газрын хооронд энэ салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурагдсан. Тэр жилийн арваннэгдүгээр сард Эрдэнэтийн уул уурхайн баяжуулах үйлдвэрийг байгуулах хэлэлцээр хийсэн. Үйлдвэр байгуулах бэлтгэл ажил 1974-1975 онд ид өрнөж, тэр жилдээ хамтарсан уурхай байгуулах Зөвлөлийн хурлууд боллоо.

Үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэх алба яамны дэргэд байгуулагдсан. Зөвлөлтийн Медь Молибден строй трест үйлдвэрийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн. Оросоос ирэх эрчим хүчний өндөр хүчдэлийн шугам, Дархан, Эрдэнэтийг холбосон авто зам, төмөр зам барих бүх ажил 1974 онд эхэлсэн. 1975-1796 онд уул уурхайн үйлдвэрийг барьж байгуулах, барилга угсралтын ажил оргилдоо хүрч, 1976 онд ил уурхайн хөрс хуулалтын ажил эхэлж байлаа.  

    Ш.Отгонбилэгийг Орос руу аспирантурт сургаж, эрдэмтэн болоод ирснийх нь дараа “Монголросцветмэт” нэгдлийн нэгдүгээр орлогч даргаар ажиллуулсан. Ингээд 1989 оны аравдугаар сарын 20-нд “Эрдэнэт” үйлдвэрийн анхны Монгол ерөнхий захирлаар батлуулж байсан юм байна. Түүнээс хойш энэ үйлдвэрийг цааш нь аваад явсан даа.
     

-Уурхайд ажиллах мэргэжилтэй боловсон хүчин тухайн үед манайд улсад байсан уу?
-Манай яам Эрдэнэтийн боловсон хүчнийг бэлтгэхийн тулд 1973 оноос 100 гаруй хүнийг Зөвлөлт рүү явуулсан. Эхний ээлжийн мэргэжилтнүүд 1977 онд, дийлэнх нь 1978 онд төгсөж ирсэн л дээ. Монгол Оросын талаас тэнцүү тооны төлөөлөгч оролцдог Зөвлөлийн Монголын талын долоон хүнийг анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай тэргүүлж байсан.

П.Очирбат гуай тухайн үед Түлш эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны Уул уурхайн салбар эрхэлсэн орлогч сайдаар томилогдоод байв. 1976 онд манай яам хоёр хуваагдахад П.Очирбат гуай Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны сайдаар томилогдсон. Харин Геологи, уул уурхайн үйлдвэрийн яам нь одоогийн Уул уурхайн яамны суурь болж үлдэхэд П.Очирбат гуай надад орлогч сайдын ажлаа хүлээлгэж өгөөд явсан л даа.

Манай яамны сайдаар М.Пэлжээ гуай ажиллаж байлаа. Тэгээд 1976 оны зургадугаар сараас “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах зөвлөлийн Монголын талыг би тэргүүлж ажилласан. “Ард” кинотеатрын замын зүүн талд байдаг дөрвөн давхар ягаан байшинд би 23 жил суужээ. Хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн Монголын талыг би 1989 оны аравдугаар сарын 20-ныг хүртэл ахалж явсан.

-Урт хугацаа байна шүү.
-Тийм л дээ. “Эрдэнэт”-ийн эхний ээлж 1978 онд ашиглалтад орсон. Энэ бүх ажлыг хүлээж авах, ашиглалтад оруулах нь миний хариуцсан гол ажил. Тэр үед бараг л Эрдэнэтийн хүн шиг тэнд амьдарч, ажилладаг байлаа. 1989 онд анхны монгол захирлыг томилуулаад би ажлаа хүлээлгэж өгч билээ.

-Анхны монгол захирлаар Ш.Отгонбилэгийг томилсон гэдэг?
-Бид бодлоготой бэлдсэн л дээ. Тэр үед инженерүүд ч нэлээд олноор төгсөж ирсэн байв. Ш.Отгонбилэг тэдний л нэг, 1976 онд төгсөж ирсэн инженер. Хэн, хаана сурч байгаа тухай судалгаа бидэнд байдаг. Улаан дипломтой төгсөж байгааг нь ч бид мэдэж л байсан. Гэтэл ирэх ёстой хүн маань алга. Тэгээд Намын төв хорооны Аж үйлдвэрийн хэлтсийн Ц.Гүрбадам даргатай уулзаад “Манай нэг инженер төгсөөд ирсэн байх учиртай.

Хаана хуваарилагдаад очдоггүй юм бол оо” гэж асуулаа. Чи боловсон хүчний хэлтсээр эргээд үз дээ, манайхаар орж ирээгүй гэв. Боловсон хүчинтэй уулзтал нөгөө нөхрийг маань Л.Түдэв гуай Эвлэлийн дарга болгох гэж байхад нь таараад татаж авсан юм аа. Л.Түдэв гуай Эвлэлийн төв хорооны дарга. Манай инженерийг явуулах янзгүй. Энэ асуудал Намын төв хорооны нарийн бичгийн дарга Моломжамц гуайн чихэнд хүртэл яригдаад, нарийн мэргэжлийн хүнийг явуулахаас аргагүй болсон доо.

Моломжамц  дарга бол Бал даргын дараагийн албан тушаалын хүн шүү дээ. Ш.Отгонбилэгийг 1976-1981 он хүртэл яаманд ажиллуулаад, Орос руу аспирантурт сургасан. Эрдэмтэн болоод ирснийх нь дараа “Монголросцветмэт” нэгдлийн нэгдүгээр орлогч дарга болгосон. Ингээд 1989 оны аравдугаар сарын 20-нд “Эрдэнэт” үйлдвэрийн анхны Монгол ерөнхий захирлаар батлуулж байсан юм байна. Түүнээс хойш энэ үйлдвэрийг цааш нь аваад явсан даа. Ш.Отгонбилэгээс хойш “Эрдэнэт”-д орос захирал томилогдоогүй. Нэгдүгээр орлогчид нь орос хүмүүс байдаг.

-1989 оныг хүртэл манай улс яагаад Монголын талын захирлаа томилоогүй байсан хэрэг вэ?
-Манай талыг хүнээ томил гэдэг. Гэтэл манай улсад бодлогоор бэлтгэсэн боловсон хүчин байгаагүй юм. Жирийн инженерийг тийм том үйлдвэрийн захирлаар томилж болохгүй. Зөвлөлтийн талаас олон үйлдвэрт насаараа ажилласан мундаг дадлага туршлагатай хүмүүсийг томилдог байсан учир тэдэнтэй ижил түвшний боловсон хүчин манай улсад байсангүй л дээ.

Жилдээ дөрвөн сая тонн хүдэр олборлож, боловсруулах хүч чадлыг нэг ээлж гэдэг. Дөрвөн ээлж нийлж 16 сая хүч чадалтай болсон нь 1982 он. Түүнээс цааш үйлдвэрийн өөрийнх нь дотоод нөөц бололцоог ашиглах замаар тав дахь ээлжийн хүч чадалд хүрсэн. Одоо “Эрдэнэт”-ийн үйлдвэр хүч чадлаа 35 сая тоннд хүргэхээр ажиллаж байгаа.

-Манай улс үйлдвэрт ажиллах боловсон хүчнээр хангагдсан байв уу?  
-1978 онд үйлдвэрт ажиллагсдын тав хүрэхгүй хувь нь монголчууд, 95-аас илүү хувь нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд байлаа. Тэгвэл 1989 онд ажиллагсдын 90-ээд хувь нь, инженер, техникчдийн талаас илүү нь монголчууд болсон байв. “Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ой өнгөрсөн жил болсон. Цаашид дахин ийм хэмжээнд ажиллах нөөц Эрдэнэтэд бий. Анх үйлдвэр ашиглалтад оруулах шийдвэр гаргаж байхад 35-36 жилийн нөөцтэй гэж яригдаж байлаа. Хэтийн нөөцийг үйлдвэр ажиллах явцад тогтоогоод явдаг юм.  

-Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай яригддаг ч энэ биелэхгүй байгаа. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Зэсийн баяжмалыг металлургийн аргаар боловсруулж, зэс гаргах шаардлагатай. Энэ асуудал үйлдвэр байгуулахтай зэрэгцэн яригдаж эхэлсэн. Тухайн үед эртэдсэн яриа байлаа. Том үйлдвэрийн санхүүжилтийн асуудал, байгаль орчинд яаж нөлөөлөх вэ гэх мэт бэрхшээл бий.

Зэс хайлуулахад хүхэрт хий ялгарна. Хүхэрт хий байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Тэр асуудалд тулаад л гацдаг байсан, одоо ч тийм. Гэхдээ одоо энэ тухай яригдаж, нэлээд урагштай байгаа. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах газраа сонгосон, дэд бүтэц дэргэд нь байгаа болохоор энэ ажил болно.

-Уул уурхайн салбар тухайн үед манай улсын эдийн засагт ямар байр суурь эзэлж байсан бэ?
-1972 онд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хоёр орчим хувь, экспортын бүтээгдэхүүний нэг орчим хувь нь уул уурхайн салбарт ногдож байсан. 1989 онд Зөвлөлийн Монголын хэсгийг ахлахаа болиод гишүүнээр цаашид ажилласан. 1990 он гэхэд экспортын бүтээгдэхүүний 40 орчим хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний дөрөвний нэгийг үйлдвэрлэдэг болсон. Одоо бол нийгмийн нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 орчим хувь, экспортын 90 орчим хувийг уул уурхайн салбарт эзэлж байна шүү дээ.

-Уул уурхайн үйлдвэрлэл манай улсад ийн хүчээ авахтай зэрэгцэн энэ чинь байгаль орчинд халтай, хэрэггүй юм байна гэж шүүмжлэх хүн олон боллоо?
-Яахав дээ, өмнө нь нөхөн сэргээлт хийдэггүй байлаа шүү дээ. Нөхөн сэргээлт хийх ёстой зардал мөнгийг нь улс өгдөггүй байсан. Сангийн яам орлогоо төвлөрүүлж авдаг. Энэ бол төрийн л хийсэн ажил. Тухайн үед улс үйлдвэрүүдээс татаж авч болох бүхнийг төвлөрүүлж байлаа л даа.

Түүнээс биш аль ч улс оронд уул уурхайн үйлдвэр явдгаараа явж л байна. Нөхөн сэргээлт хийгээд явбал уул уурхайгаа ашиглахад болохгүй юмгүй. Санхүүгийн эх үүсвэргүйгээс нөхөн сэргээлт хийгээгүй нь ард түмний толгойд сөрөг мэдээлэл болж, хүчтэй буудаг. Тиймээс уурхай дэмий юм байна, баахан онгойсон нүх үлдээдэг, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн ойлголт нь ард түмний толгойд бууж байна. Одоо бол хувийн үйлдвэрүүд нөхөн сэргээлт хийдэг болсон тухайгаа харуулж байна л даа.

-Та одоо мэргэжлийнхээ дагуу уурхайнуудаар явж байна уу?
-Уул уурхайн их сургуульд багшилдаг. Би далд уурхайгаар голлож ажилласан. Орост дипломын өмнөх дадлагыг арван сар хийлгэдэг байлаа. Дагалдан өрөмдөгчөөр хоёр сар ажиллаад, зургаан сар өрөмдөгч хийсэн дээ. Газрын дор ажилладаг гүн цооног өрөмддөг машинуудыг оросуудтай адилхан хэмжээнд өрөмддөг болоод л ирж байлаа.

Манайд байгаа хамгийн том далд уурхай Бор-Өндөрийн жоншны уулын баяжуулах үйлдвэр л байна. 400-гаад метрийн гүн хүртэл гол амаа нэвтэрсэн. Энэ уурхайг барьж байгуулах ажлыг хариуцаж байлаа. Одоо Оюутолгой гэж гүн уурхай бий боллоо. 600-1300 метрийн гүнд байгаа хүдрийг олборлохын тулд том далд уурхай баригдаж байна. Газрын гүнд байгаа хүдрийг далд уурхайн технологиор л гаргаж, баяжуулдаг.

-Таны төрсөн нутаг Дорнод аймгийн Баян-Уул сум мэргэн харваачдаараа улсдаа алдартай. Таныг бас сур харвадаг гэж дуулсан?
-Манай сумаас сурын арав гаруй мэргэн, 30 гаруй спортын мастер төрсөн. Намайг дунд сургуульд байхад харваачид өглөө эрт босоод хэдэн сум харваж байгаад ажилдаа явдаг. Орой ажлаасаа бууж ирээд харанхуй болтол харвацгаадаг байсан. Би сумыг нь ойртуулж, зөөж өгдөг, сум хариулна гэж харвадаг, ганц нэг онодог хүүхэд байлаа. 1980-аад оны сүүлч гэхэд миний ажил төрөл жигдэрч, 1990-ээд оноос сурын талбайгаар ахиу очих болсон.

Үндэсний сурын холбооны тэргүүн нь анагаах ухааны доктор, профессор Д.Балдандорж гуай байлаа. Би орлогч нэртэй 20-иод жил явсан даа. Үндэсний сурын хүндэт мэргэн цолтой. 1990-ээд оноос хойш улсын наадамд тасралтгүй орж байна. Сурын спортод залуучууд олноор орж, оноо өндөр болж байна. Мань мэтийн нас өндөр болж байгаа хүмүүс хообийгоороо л харваж байна. Биеийн тамир хэрэгтэй гэдэг утгаар сур том дасгал болдог. Сурын талбайг тойрч олон км явсан байдаг.

Харвах нь бас биеийн тамирын дасгал шүү дээ. Удам дамжсан мэргэн харваачдаараа алдартай манай сумынхан төв талбайдаа хоёр жилийн өмнө сур харваачийн хөшөө босгосон. Дунд сургуульд байхаас эхлээд гэж яривал бий спортын хоёр төрлөөр хичээллэсэн. Цана, сур хоёр. Би цанаар улсад гурван жил уралдсан. 1959 онд наймдугаар ангийн сурагч хотод ирж, цанын насанд хүрэгчдийн УАШТ-д оролцож тавдугаар байрт орж билээ. 1960 онд есдүгээрт, 1961 онд Бүх ард түмний спартикадаас хүрэл медаль авсан даа.

-Цанын бэлтгэл сургуулилтаа Та сумандаа л хийдэг байв уу?
-Манай сум урдуураа нарстай үргэлжилсэн толгодтой. Хүүхдүүд урд ууланд гарч цанаар гүйдэг байсан. УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн аав Л.Раднаа багш хүүхдүүдийг дагуулж гулгадаг, сайн цаначин байлаа. Л.Раднаа багш хожим уулын спортын тамирчин болсон. Бид дагаж гүйсээр цанад гайгүй болсон хэрэг. Харин оюутан болоод хөлдөө цана углах зав гараагүй.

Ирэх зун миний төрсөн нутаг Дорнод аймгийн Баян-Уул сум байгуулагдсаны 90 жилийн ой болно. Манай сумынхан ойн бэлтгэл ажилдаа хэдийнэ орчихжээ. Хамгийн сүүлийн шинэ мэдээ гэвэл манай сумынхан Баян-Уул сумаа сурталчлах тайлан тоглолтыг гуравдугаар сарын 2-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тоглолтын үеэр буриад зоны идээ ундаа, уран дархан, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргана.

Сумаа сурталчлах ажлыг Баян-Уул сумын ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс зохион байгуулж, сум орон нутгаас 100-гаад хүн ирэх гэж байна. Энэ сайхан арга хэмжээнд Улаанбаатар хот болон Монгол орны өнцөг булан бүрт суугаа нутгийнхнаа урих нь зүйтэй болов уу.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

421547
ӨнөөдөрӨнөөдөр147
ӨчигдөрӨчигдөр1354
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5193
Энэ сардЭнэ сард27261
НийтНийт421547